Ховд аймгийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх талаар хэлэлцлээ


Ховд аймгийн Ногоон хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хүний эрүүл мэнд, сэтгэл зүй, амьдрах таатай орчныг бүрдүүлэх, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын нийгмийн хариуцлагыг өндөржүүлэх, сумдын гудамж, талбайн өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор Ховд аймгийн ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлт, ойжуулалт, тохижилтын ажлыг хэрхэн зохион байгуулах талаар хуралдав.
Уг хуралд аймгийн Засаг дарга Д.Галсандондог, ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Баярсүх болон байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа албан байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөл 20 орчим хүн оролцлоо.
Хурлын хүрээнд Ховд аймгийн хэмжээнд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нийтийн эзэмшлийн гудамж, талбайн цэцэрлэгжүүлэлт, ойжуулалт, тохижилт, ногоон байгууламжийн услалтын системийг сайжруулах талаар хэлэлцэж, харилцан санал солилцсон юм.
Энэ үеэр аймгийн Засаг дарга Д.Галсандондог хэлэхдээ: 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн дотор Ховд аймгийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хамгаалах ажлыг үе шаттайгаар эхлүүлэх, мод тарих газрыг яаралтай сонгох, Замын компаниудаас мод тарих ажилд дэмжлэг хүсэх, бүх албан байгууллагуудад мод, ногоон байгууламжийг хариуцуулах, иргэдийг соён гэгээрүүлэх, цэцэг, мод тарих хугацааг зөв сонгох, ногоон байгууламжийг саадаар хамгаалах, усан сан байгуулах, тарьсан мод, цэцгийг услах ажлыг тасралтгүй хийж гүйцэтгэх зэрэг үүрэг чиглэл өгөв. Ховд аймгийн хэмжээнд энэ онд нийт 20 га газарт 40 орчим сая төгрөгийн ойжуулалт, цэцэрлэгжүүлэлтийн ажил хийгдэхээр төлөвлөсөн байна. Өөрөөр хэлбэл, Дарви суманд 10 га, Эрдэнэбүрэн суманд 5 га, Жаргалант суманд 5 га газарт ойжуулалтын ажил хийгдэнэ.


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ