Монголын Аялал жуулчлалын холбоо, БОАЖЯам хамтран аялал жуулчлалын салбарын төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, Монголын аялал жуулчлалын бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах, жуулчны улирлыг уртасгах, гадаад, дотоодын жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор "International Travel Mart-2018” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнг 19 дэх жилдээ буюу 2018 оны 3 дугаар сарын 30-наас 4 дүгээр сарын 01-ний өдрүүдэд Мишээл Экспо төвд амжилттай зохион байгууллаа.
Уг үзэсгэлэнд 21 аймаг нэгдсэн зохион байгуулалттайгаар оролцдог. Ховд аймгийн хувьд 18 мкв талбайг тохижуулан “Цайны зам” өв соёлын наадам, “Олон улсын хөөмийн наадам”, “Уран нугаралтын бэсрэг наадам”-ыг сурталчилж, 3000 ширхэг танилцуулга, 500 ширхэг аяллын газрын зураг, Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн санхүүжилтээр “Гурван Сэнхэр төвтэй таван од” аялал жуулчлалын дэд хөтөлбөрийн аяллын маршрут 3000 ширхэгийг хэвлүүлж сурталчилсан байна.
Үзэсгэлэнд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс, Байгаль Орчин Аялал Жуулчлалын Газар, Хар-Ус нуур орчмын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа, Мянган угалзатын нурууны байгалийн цогцолборт газар, аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн бүрэлдэхүүнтэй оролцож, аж ахуйн нэгжүүд 30 орчим гэрээ байгуулжээ.
Ховд аймгийн Ногоон хөгжлийн хөтөлбөрт байгальд ээлтэй аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар ядуурлыг бууруулах, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт аялал жуулчлалын өрсөлдөх чадварыг дээшлүүлж, бүс нутгийн хамтын ажиллагааг сайжруулах, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, олон үндэстэн, ястнуудын язгуур урлагийг хадгалан хамгаалж, түгээн дэлгэрүүлэх, дэлхий нийтэд сурталчлан таниулах арга хэмжээг зохион байгуулах тухай заасан байдаг. Үүнтэй холбогдуулан манай аймаг 9 дүгээр сард “Цайны зам” өв соёлын наадам зохион байгуулах юм.