Аймгийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо.


Өнөөдөр аймгийн Засаг даргын хурлын танхимд аймгийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөнөөр өвөлжилтийн бэлтгэл ажил хангах тухай, Тарваган тахал өвчний талаархи цаг үеийн мэдээлэл, сургууль цэцэрлэгүүдийн шинэ хичээлийн жилийн бэлтгэл ажил, Нийтийн их цэвэрлэгээний тухай болон цаг үеийн бусад асуудлыг хэлэлцлээ.


Энэ жил хур бороо багатай гандуу байсан тул өвөлжилтөнд онцгойлон бэлтгэх шаардлагатай байгааг аймгийн ХХАА-н газраас зөвлөв. Малчид ард иргэдийн хувьд өөрсдийн дотоод нөөц боломжиндоо тулгуурлан хадлан тэжээлээ бэлтгээд явж байгаа бөгөөд цаг хүндэрвэл аюулгүйн нөөцийг нэмэгдүүлж ажиллах шаардлагатай гэлээ. Мөн 10 сарын 1 хүртэл сумдад хоёр удаа ажиллах ба өвөлжилтийн бэлтгэл хангалт, Засгийн газрын тогтоол, ХХААХҮСайдын болон аймгийн Засаг даргын албан даалгаврын биелэлт, хадлан тэжээл хужир шүү бэлтгэлийн явц, ургац хураалтанд ажиллаж байгаа хүн хүч машин техник, зоорьмол, мах бэлтгэл, отор нүүдэл албан байгууллагын өвөлжилтийн бэлтгэл хэрхэн хангасан талаар газар дээр  нь үзэж танилцах, мэдээлэл авах, цаашид авах арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа юм байна.  


Харин тарваган тахал өвчний хувьд өвчтөний биеийн байдал сайжирж эдгэрсэн бөгөөд одоо бататгах шинжилгээнүүд өгөөд удахгүй халдвартын эмнэлэгийн хорио цээрийн дэглэмийг цуцална гэдгийг БОЭТ-ийн дарга Б.Амаржаргал мэдээлэлдээ онцоллоо.


Сургууль цэцэрлэгүүдийн хичээлийн шинэ жилийн бэлтгэл  бүрэн хангагдаж хичээлүүд хэвийн явагдаж байгаа бөгөөд энэ жил СӨБ-ийн хоёр цэцэрлэг ашиглалтанд орж, хувийн хэвшлийн нэг цэцэрлэг нэмж байгуулагдсанаар хамран сургалт 81-83 хувьд хүрсэнийг салбарынхан нь онцоллоо.  


Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу Ховд хотыг ногоон хөгжлийн загвар аймаг болгох үүднээс аймгийн хэмжээнд нийтийн их цэвэрлэгээ хийхээр төлөвлөж байгааг шуурхай зөвлөгөөний үеэр мэдээллээ. Байгаль орчныг хамгаалах, хог  хаягдлын менежментийг зөв зохистой хэрэгжүүлэхэд түлхэц болох үүднээс долоо хоног бүрийн Пүрэв гарагийг “Нийтийн их цэвэрлэгээний өдөр” болгохоор захирамж гаргажээ. Нийтийн их цэвэрлэгээний хүрээнд цэвэрч нямбай байгууллага шалгаруулах болзолт уралдаан зарласан байна. Уг уралдаан нь нийт 5 сая төгрөгийн шагналын сантай бөгөөд энэ долоо  хоногийн Пүрэв гарагт аймгийн бүх албан байгууллагын ажилтан, сургуулийн оюутан, сурагчид нийтээрээ Буянт голоо цэвэрлэж эхлэх юм. Тиймээс энэхүү арга хэмжээнд иргэд идэвхтэй оролцож байгаль орчноо хайрлан хамгаалах ажилд идэвх зүтгэл гарган оролцохыг аймгийн Засаг дарга Д.Галсандондог уриаллаа. 


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ