Аймгийн Засаг дарга Д.Галсандондог Дулааны станцуудын өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцав.


“Бадамлах дөл” ХХК-ны засвар шинэчлэлийн бэлтгэл  ажил 30 гаруй хувьтай байна.

Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондогоор ахлуулсан ажлын хэсэг өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах үүднээс дулааны станцуудын үйл ажиллагаатай танилцав. “Бадамлах дөл” ХХК-ны хувьд нэг зуух бэлэн, нэг зуухны засварын ажил 30 хувьтай явагдаж байгааг албаны хүн танилцууллаа. Мөн “Бадамлах дөл” ХХК нь цахилгааны өр авлагаас үүдэн одоогоор тогоо таслуулсан боловч зуухны засвар шинэчлэлийн ажлаа удахгүй хийж дуусгана гэдгээ онцолж байв. Айл өрх, аж ахуй нэгжүүдийн хэрэглэсэн халаалт дулааны авлагын хувьд 200-аад сая төгрөг, төсөвт байгууллагаас 100 гаруй сая төгрөгийн авлагатай гэнэ. Харин өмнөх онуудын авлага нийт дүнгээр нэг тэрбум орчим төгрөг байгаа ажээ.


Ховд дулааны станцын засварын ажил хэвийн явагдаж байна.

Харин Ховд дулааны станцын хувьд зуухны засвар үйлчилгээг 7 сарын 1-ээс эхлэсэн бөгөөд одоогоор нэг зуух бэлэн, хоёр дахь зуухны засвар хийгдэж байгаа гэнэ. Тус байгууллагын хувьд 11 дулаан дамжуулах төвтэй бөгөөд 1169 айл өрх, 56 аж ахуй нэгж, 23 төсөвт байгууллагыг дулаанаар хангадаг байна. Хэрэглэгчдийн өнгөрсөн оны хэрэглэсэн дулааны төлбөрийн авлага нэлээдгүй байгаа гэдгийг онцолж байв. Тухайлбал, ААН 70 сая  төгрөг, айл өрх 100 гаруй сая төгрөгийн авлагатай байгаа ажээ. 


Мөн Аймгийн Засаг даргын “МоЭнКо” ХХК-тай байгуулсан хамтран ажиллах гэрээнд энэ онд нүүрсний үнийг бууруулсан бөгөөд нунтаг шигшмэл нүүрс 15000, айл өрхийн хэрэглээний нүүрс 25000, албан байгууллагуудад 55000 төгрөгөөр нийлүүлэхээр гэрээнд тусгажээ. Энэ нь иргэн, аж ахуй нэгжүүдэд нэлээдгүй хэмнэлт болж байгаа нь сайшаалтай юм. Ховд дулааны станцын хувьд нүүрс бэлтгэлээ хараахан хийгээгүй байгаа ч хаврын үлдэгдэл нүүрс 500 тн орчим байгаа ажээ. Энэ үеэр аймгийн Засаг дарга Д.Галсандондог Засгийн газрын шийдвэрийн дагуу энэ намар халаалтыг 9 сарын 20-оос өгч болзошгүй тул дээрх байгууллагуудыг бэлэн байхыг анхаарууллаа.

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ