Монголын дууны урлагт цахиур хагалан гарч ирж буй олон улсын дуурийн дуулаачдын уралдааны шагналт, Цагдаагийн "СҮЛД" чуулгын гоцлол дуучин Ц. Бизъяа /үжил хүндэрсэн бөөрний архаг дутагдал, элэг уушгины дутагдалтай хавсарсан оноштой/ эрүүл мэндэд нь ноцтой байдал үүсэж Японы Нагано хотын Саку центр эмнэлэгт эмчлүүлж байна.
Авъяаслаг залуу дуучныхаа амь насыг аврахын тулд 120 сая төгрөг шаардлагатай байгаа тул ард түмнээсээ халуун сэтгэлийн хандив тусламж хүсэж байна. Үүнтэй холбогдуулан Аймгийн ИТХ, ИТХ-ын дэргэдэх "Залуучуудын зөвлөл" санаачлан, Ховд аймаг дахь "Strong fitness club" хамтран Цаг даагийн "Сүлд" чуулгын гоцлол дуучин Ц.Бизъяагийн эмчилгээний зардалд мөнгөн тусламж үзүүлэх зорилгоор "НЭГ СЭТГЭЛ-НЭГ ТУС"аяныг эхлүүлээд байна.
Тэд Ц.Бизъяагийн гэр бүлийнхэнтэй уулзаж мэдээлэл авч, аяны төлөвлөгөөг боловсруулан аймгийн ИТХ-ын даргаар батлуулан Ц.Бизъяагийн нэр дээр хандивын данс нээлгэж, Candy дугаарыг идэвхжүүлжээ. Ингэснээр та өөрийн дугаар дээрх Candy-гээ 9979-9535 илгээснээр аянд нэгдэх боломжтой болж байна. 2017оны 08-р сарын 30-ны өдөр аймгийн ИТХ-ын хурлын бага зааланд Хэвлэлийн хурал хийж ард иргэдэд Ц.Бизъяагийн биеийн байдал болон аянд хэрхэн оролцох талаар ерөнхий мэдээлэл өглөө. Хэвлэлийн хурлын үеэр ИТХ-ын Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Б.Баяртуяа ИТХ-ын хамт олон энэхүү аянд нэгдэж нэг өдрийн цалингаа хандивлажээ.