Аймгийн ГБХЗХГ-ын дэргэдэх Залуучуудын хөгжлийн төвөөс санаачлан аймгийн ИТХ-тай хамтран залуучууд өөрсдийн тулгамдсан асуудлаар үзэл бодлоо илэрхийлэх, нэгдэн нийлэх, орон нутгийн түвшний шийдвэр гаргах үйл явцад оролцох, шийдвэр гаргагчдад нөлөөлөх бүтцийг бий болгох зорилгоор “Залуучууд ба тогтвортой хөгжил” аймгийн залуучуудын нэгдсэн чуулганыг зохион байгуулж байна.
Уг арга хэмжээний нээлтэнд аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, ЗДТГ-ын дарга Б.Ганболд, Жаргалант сумын Засаг дарга Ц.Ганданповрон, албаны бусад хүмүүс болон аймгийн 17 сумаас хүрэлцэн ирсэн залуучуудын төлөөллүүд оролцлоо. Чуулганыг нээж аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн үг хэлсэн бөгөөд Тэрээр: “Аймаг, орон нутгийн зүгээс ч залуучуудын хөгжилд чиглэсэн аливаа арга хэмжээ, ажлыг зохион байгуулахаар төлөвлөн аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжил, оролцоог бүх талаар дэмжиж, орчин нөхцлийг сайжруулах олон ажлуудыг тусгаад байгаа бол “Зөв хөдөлмөрч залуу” залуучуудын хөгжлийг дэмжих хөтөлбөр батлах тухай асуудал аймгийн ИТХ-ын 2017 оны 4 дүгээр үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусаад байгаа” талаар онцоллоо.
Уг чуулганаар Залуучуудын утга учиртай оролцоог дээшлүүлж, “Аймгийн ИТХ-ын дэргэдэх Залуучуудын зөвлөл”-ийг байгуулах, Залуучуудын бодит оролцоотой түншлэлийг бий болгож, эргэх холбоог үүсгэх, Тогтвортой хөгжлийн талаарх нэгдсэн ойлголттой болж, сум багийн түвшинд ТХЗ-уудыг хангаж ажиллах төлөвлөгөөг гаргахаар төлөвлөөд байна.