МУ-ын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр өглөөний 10 цагт Ховд аймагт хүрэлцэн ирлээ. Түүнийг Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог тэргүүтэй аймгийн удирдлагууд, бусад албаны хүмүүс Ховд нисэх онгоцны буудал дээр хүлээн авлаа. Мөн Баруун бүсийн тулгуур төв, олон ястны өлгий нутаг Ховд аймгийн төв талбайд Ховд цэргийн хүрээний хүндэт харуул жагсан хүндэтгэл үзүүлэн угтан авчээ. Үүний дараагаар МУ-ын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Ховд аймгийн ЗДТГ-ын Ёслол хүндэтгэлийн өргөөнөө зочиллоо. Энэ үеэр Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог аймаг орон нутгийнхаа цаг үеийн ажлын талаар товч мэдээлэл хийж, Ховд аймгийн нийгэм эдийн засгийн байдал, орон нутагт хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажил, цаашдын зорилт, тулгамдсан асуудал, Баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт 2016-2020 онд хийгдэх хөрөнгө оруулалтын төслүүдийн талаар танилцууллаа.
Монгол улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Казак түмний Наурызын баярыг тохиолдуулан Баян-Өлгий аймагт хүрэлцэн очиж Наурызын баярын хүндэтгэлийн арга хэмжээнд оролцох байсан ч Өлгий хотод өчигдрөөс хойш цас орж, өнөө өглөө цасны хэмжээ улам нэмэгдэн үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан учраас онгоц хүлээн авах боломжгүй байсан байна. Монгол улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр Ховд аймагт ажиллаад маргааш буюу 03 дугаар сарын 23-ны өдөр Говь-Алтай аймагт ажиллана.