Аймгийн Засаг даргын Нийгмийн бодлого хариуцсан орлогч Ч.Уранчимэг, Эрүүл мэндийн газрын дарга н.Мягмарсүрэн нар Жаргалант суманд байрлах 6, Булган сумын 1 өрхийн эмнэлэгтэй Өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг сайжруулах зорилгоор гэрээ байгууллаа. Эрүүл мэндийн сайдын 2017 оны 1-р сард гарсан тушаалаар өрхийн эмнэлэгийн удирдлагатай хийх гэрээ нь шинэчлэгдсэн. Өөрөөр хэлбэл аймгийн удирдлага, ЭМГ-ын дарга, өрхийн эрүүл мэндийн төвийн удирдлага гэсэн гурвалсан гэрээг байгуулж, хамтран ажиллахаар болсон юм. Өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаа сайн байх нь баруун бүсийн хамгийн том эмнэлэг болох БОЭТ-ийн ачаалал буурах, иргэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чирэгдэл багатай, түргэн шуурхай авах гэх мэт олон давуу талтай. Гэтэл сүүлийн жилүүдэд Ховд аймагт өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаа маш сул байгаа нь судалгаагаар батлагдсан бөгөөд энэ нь ард иргэдэд ихээхэн чирэгдэл учруулж байна гэж үзэж байна. Хэдий өрхийн эрүүл мэндийн төвүүд мэргэжлийн чадварлаг боловсон хүчнээр хангагдсан ч ажиллах сэтгэл дутуу байгаа нь анзаарагдаж байна. Тиймээс цаашдаа өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаанд нэлээд анхаарч ажиллах төдийгүй, муу ажиллаж байгаа зарим Өрхийн эрүүл мэндийн төвийн удирдлагатай хатуу хариуцлага тооцож ажиллахаа энэуулзалтын үеэр аймгийн салбар хариуцсан орлогч дарга Ч.Уранчимэг хэлсэн үгэндээ онцоллоо.