Аймгийн засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг Цэцэг, Мөст сумын иргэдтэй уулзалт хийж үйл ажиллагааны хөтөлбөрөө танилцуулан тэдний санал хүсэлтийг сонсож ажиллаа. Энэ удаагийн ажлын хэсэгт Аймгийн Засаг даргын орлогч, Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ч.Уранчимэг, Аймгийн ЗДТГ-ын дарга Б.Ганболд нарын албаны хүмүүс багтсан байна. Аймгийн Засаг даргын 2016-2020 он хүртэл хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг 4 бүлэг, 22 дэд бүлэг, 98 зорилт, 346 заалттайгаар ИТХ-ын 2016 оны 12-р сарын 02-ны хурлын тогтоолоор баталсан. Мөст, Цэцэг сумдад энэ дөрвөн жил бүтээн байгуулалтын олон ажлууд хийгдэнэ. Тухайлбал:Булган-Үенч чиглэлийн авто замыг үргэлжлүүлэн барьж ашиглалтанд оруулах, Мөст, Эрдэнэбүрэн сумын төвийг Босоо тэнхлэгийн авто замтай холбох, Сумын төвийн гэрэлтүүлэг, авто зам, тохижилтын ажлыг ашиглалтанд авах, Дарви, Цэцэг, Мөст, Зэрэг сумдыг харьяалан ажиллах Цагдаагийн тасгийг Цэцэг суманд байгуулах зэрэг ажлыг хийж хэрэгжүүлнэ. Аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг иргэдтэй хийсэн уулзалтын үеэр иргэд аймаг сум, орон нутгийн хөгжил цэцэглэлттэй холбоотой олон чухал асуудлыг хөндөн ярьж байлаа. Тухайлбал: цалин хөлс хасахгүй байх, сум орон нутагт орон тооны цомхотгол хийхгүй байх, жижиг дунд үйлдвэрийг дэмжих, мал эмнэлэгийн тасгийг улсын мэдэлд оруулах, Хөшөөт тосгоныг нүүлгэн шилжүүлэх болон нүүрсний үнэ, сумдад олгох нүүрсний хэмжээг нэмэгдүүлэх зэрэг тулгамдсан асуудлуудаа аймгийн Засаг даргад уламжиллаа. Иргэдийн асуусан асуултанд ажлын хэсгийнхэн хариулт өгч, шийдвэрлэж болох зарим асуудлыг газар дээр нь шийдэн ажиллаа. Ялангуяа орон тооны цомхотгол, цалин хөлс хасдаг асуудлыг таслан зогсоохыг аймгийн Засаг дарга Д.Галсандондог холбогдох салбарын удирдлагуудад үүрэг болголоо.