Баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэд баруун хил Булган, Такешкен боомтоор олон жил хилийн худалдаа эрхэлж, амьжиргаагаа залгуулсаар ирсэн.
2 улсын хамтын ажиллагаа, иргэдийн хэрэгцээ шаардлага байгааг харгалзан тус боомтуудыг байнгын ажиллагаатай болгосон сайн талтай боловч сайны хажуугаар саар гэгчээр хил гаалийн ажилтнууд танил тал, найз нөхдөө оочер дараалалгүй оруулахаас эхлээд иргэдийг чирэгдүүлж, бухимдуулсан олон асуудал амь бөхтэй оршсоор байгааг хэлэх хүн цөөнгүй байдагаа. Ялангуяа сүүлийн жилүүдэд хятадын тал Монголчуудаас авах татварын төрөл, хэмжээгээ нэмэгдүүлсэн, удаан хугацаагаар гадаа хүлээлгэдэг улмаар зорчигдыг 2 хилийн хооронд ачаагаа зөөгөөд явганаар явуулсаар байгаа зэрэг зорчигчдын эрх ашгийг хэтэрхий уландаа гишгэсэн үнэн бодит байдал одоо ч хэвээр байна. Энэ байдал дан ганц хятадын талд байдаг гэх ойлголт бас ташаа бололтой.
Хэдхэн хоногийн өмнө иргэнийхээ хувьд амьдралын шаардлагаар баруун хилийг зорьж очиход иргэдийг Булган боомтын хашааны гадаа жагсаачихсан, дотор ачаалал ихтэй байна хэмээн зорчигчдыг хэсэг хэсгээр нь оруулж байх юм. Хэзээнээс эхэлж мөрдсөн дүрэм журам бэ? Алтны дэргэдэх гууль шарлана гэдэг нь болж байгаа юм боловуу?