Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхээр ахлуулсан ажлын хэсэг Ховд аймагт ажиллахдаа Ховд хотоос 85 км, Эрдэнэбүрэн сумын төвөөс 25 км, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумаас 54 км зайд орших Шижигтийн хавцалд баригдах Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төсөл, байршилтай танилцлаа. Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийг Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Мэндсайхан танилцуулж, хэрэгцээ шаардлага, хүрэх үр дүн, ач холбогдлын талаар харилцан ярилцаж, санал солилцлоо.
Жилдээ 300-325 сая кВт.ц эрчим хүч үйлдвэрлэх 100 МВт-ын хүчин чадалтай тус станцыг 288,5 сая ам.долларын буюу хөрөнгө оруулалтыг БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслүүдийн жагсаалтад оруулах асуудлыг шийдвэрлүүлэн барьж байгуулахаар төлөвлөж байна. Одоогоор ТЭЗҮ-г шинэчлэн боловсруулах ажил хийгдэж байгаа бөгөөд үүний дараагаар Монгол улсын хуулиар Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийгдэнэ.