Аймгийн ИТХ-ын ээлжит 6-р хуралдаанаар хэлэлцсэн гол асуудал бол аймгийн Засаг дарга Д.Галсандондог өөр ажилд томилогдсонтой холбогдуулан үүрэгт ажлаас нь чөлөөлж, Засаг даргад нэр дэвшүүлэх явдал байв. Улмаар санал хураалтад оролцсон 39 төлөөлөгчийн 25 нь Б.Дүгэржавын төлөө саналаа өгсөн учир аймгийн Засаг даргаар батламжлуулахаар Монгол улсын Ерөнхий сайдад өргөн мэдүүлсэн билээ.
Тэгвэл Монгол улсын Үндсэн хуулийн 60-р зүйлийн 2 дахь хэсэг, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26.3 дахь хэсэг, Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 6/04 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 9 сарын 21-ний өдрийн 164 дүгээр тоот захирамжаар аймгийн ИТХ-ын төлөөлөгч, МАН-ын хорооны дарга Б.Дүгэржавыг Ховд аймгийн Засаг даргаар томилсон байна.
Тиймээс өнөөдөр аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх Б.Дүгэржавд аймгийн Засаг даргын болон Баруун бүсийн зөвлөлийн тамга, тэмдгийг албан ёсоор гардуулан өгч, цаашдын ажилд нь амжилт хүслээ. Мөн аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн МАН-ын хорооны дэд дарга Т.Жаргалсайхан болон аймгийн ИТХ-ын төлөөлөгчид байлцаж олон ястан ард иргэд, аймаг орон нутгийнхаа хөгжил дэвшлийн төлөөх өндөр их хариуцлага, нэр хүндтэй ажилд нь амжилт хүслээ.
ВИДЕО: