Аймгийн Засаг даргын Тамгын газраас тогтсон хугацаанд сумдын удирдлагуудтай "ЦАХИМ"-аар хуралдаж цаг үеийн ажил, анхаарах асуудлын талаар мэдээлэл солилцдог. Энэ удаагийн хурлаар аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Сандагсүрэн ойрын хугацаанд хийж хэрэгжүүлэх ажлын талаар мэдээлэл өгч орон нутагт тулгамдаж буй, шийдвэрлэх шаардлагатай асуудлын талаар санал сонслоо.
Мэргэжлийн байгууллагаас өгч буй мэдээллээр ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цас орж хүйтэрнэ. Олон жилийн дундажтай харьцуулахад энэ сард цаг агаар харьцангуй хүйтэн байх төлөвтэй. Тиймээс малчид, иргэдэд болзошгүй эрсдэлээс сэргийлэх мэдээ мэдээллийг цаг хугацаанд нь шуурхай хүргэх, хуваарийн дагуу нүүрс татан авах ажлыг зохион байгуулах чиглэлийг өглөө.
МоЭнКо ХХК-тай байгуулсан гэрээний дагуу бүх сумууд хуваарийн дагуу нүүрсээ татан авч байгаа. Гэвч нүүрсний чанар төдийлөн сайн биш. Тухайн сард нь нүүрсээ аваагүй бол нөхөн олгохгүй зэрэг хүндрэл үүсгэж байгааг сумдын удирдлагууд хэлж байв.
Түүнчлэн Булган, Алтай, Үенч, Дуут, Мөнххайрхан гэсэн сумдад шатахууны хомсдож эхэлжээ.
Үүссэн нөхцөл байдлыг судалж холбогдох байгууллагад нь уламжлан иргэдэд хүндрэл үүсгэж буй асуудлыг хугацаа алдалгүй шийдвэрлэж ажиллана гэдгийг аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Сандагсүрэн "ЦАХИМ" хурлын үеэр онцоллоо.