Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяраар ахлуулсан ажлын хэсэг Ховд аймгийн тариалан эрхлэгчидтэй уулзлаа



Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг дарга Э.Болормаа,  нар /2023.04.21/ Ховд аймгийн тариалан эрхлэгчидтэй уулзлаа.


Ховд аймгийн газар тариалангийн салбарт 3200 иргэн, 19 аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж байна. 2022 онд нийт нийт 3148.8 га талбайд тариалалт хийж үр тариа 190.2 га-гаас 1557.7 тн, тэжээлийн ургамал 436.8 га-гаас 1994.1 тн, төмс 786.7 га-гаас 8897 тн, хүнсний ногоо 1394.9 га-гаас 14861.7 тн, жимс жимсгэнэ 90.3 га-д 205.7 тн жимс жимсгэнэ нийт 34.8 мянган тонн ургац тус тус хурааж авсан. Энэ нь өмнөх жилүүдээс 6.0 мянган тонноор илүү ургац хурааж авсан үзүүлэлттэй байна.



Харин 2023 онд Ерөнхийлөгчийн санаачилсан "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөн болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын албан даалгавар хүрээнд 2023 онд нийт 3500 гаруй га-д тариалалт хийхээр төлөвлөөд байна. 
Мөн Газар тариалан эрхлэгчдийн аймгийн зөвлөгөөн зохион байгуулж, зөвлөгөөнд 17 сумын Засаг дарга, ХАА-н тасгийн мэргэжилтнүүд, аймгийн удирдлагууд, төсөл хөтөлбөрийн төлөөлөл 30 гаруй хүн, 150 тариаланч оролцож зөвлөгөөнөөс зөвлөмж гарган хэрэгжүүлэн ажиллах юм.



"Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөтөлбөрийн хүрээнд газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулсан хөрөнгө оруулалт, эргэлтийн хөрөнгийн зээлийг арилжааны банкнуудаар дамжуулан олгохоор болсон. Үүний хүрээнд жилийн 5.0 хувийн хүүтэй 110.0 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээл олгохын 90 тэрбумыг үр тарианы үйлдвэрлэлд, 20.0 тэрбумыг хүнсний ногооны үйлдвэрлэлд чиглүүлэх юм.



Мөн газар тариалангийн үйлдвэрлэлийн барилга байгууламж болох зоорь, агуулах, үр тарианы үтрэм, өвлийн хүлэмж барих, услалтын систем байгуулахад зориулан 232.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл олгоно. 



Түүнчлэн техник, технологийн шинэчлэл хийх, механикжуулалтыг сайжруулах зорилгоор тухайн жилд худалдан авсан техник, тоног төхөөрөмжийн үнийн дүнгийн 50 хувийг тариаланчдад буцаан олгох, бордоог хөнгөлөлттэй нөхцөлөөр өгөх зэрэг арга хэмжээг салбар яамнаас авч хэрэгжүүлээд байна.

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ