Аймгийн Засаг дарга М.Амарсанаа захирамж гаргаж Э.Уртнасанг
“Засаг даргын орлогч”-оор томиллоо.
Өнөөдөр /2024.11.06/ Засаг даргын орлогч Халтайн Батболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлж Э.Уртнасанг томилсон захирамжийг танилцуулан ажил хүлээлцэв.
Аймгийн Засаг дарга М.Амарсанаа:
Миний хувьд 2012-2016 онд Засаг даргын орлогчоор ажиллаж байсан. Засаг дарга болон иргэд олон нийтийн төлөө зөв бодлого шийдвэр гаргахаас эхлээд ажлын ачаалалтай бас өндөр хариуцлагатай ажил. Энэ ачааг Э.Уртнасан үүрч чадна гэсэн бүрэн итгэл байгаа учраас орлогчоороо томиллоо гэдгээ онцлоод ажлын амжилт хүслээ.
Э.Уртнасангийн хувьд 2012 оноос хойш Үенч сумын Засаг даргаар гурван удаа томилогдон ажилласан. Мөн аймгийн ИХ-ын төлөөлөгчөөр удаа дараа сонгогдсон. Тиймээс төр, засгийн бодлогыг анхан, дунд шатанд нь хэрэгжүүлэх, орон нутгийн иргэдийн ажил, амьдралыг сайн мэдэх төрийн болон улс төрийн ажлын туршлагатай.
Аймгийн Засаг даргын орлогчийн ажил хүлээлцэх арга хэмжээнд ИТХ-ын дарга З.Эрхбаяр, Засаг даргын Тамгын газрын хэлтсийн дарга, холбогдох мэргэжилтнүүд байлцлаа.