Аймгийн Засаг дарга Э.Болормаагаар ахлуулсан ажлын хэсэг БНХАУ-ын ШУӨЗО-ны Алтай аймагт айлчлаад ирлээ



Аймгийн Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга Э.Болормаагаар ахлуусан ажлын хэсэг БНХАУ-ын ШУӨЗО-ны Алтай аймгийн Засаг дарга Женис Хадисын урилгаар Алтай аймагт энэ сарын 13-15-ны өдрүүдэд ажлын айлчлал хийлээ. 

Айлчлалын хүрээнд БНХАУ-ын ШУӨЗО-ны Алтай аймгийн Засаг дарга Женис Хадис болон холбогдох удирдлагуудын хамт албан ёсны уулзалт хийж, санал солилцсон байна.



Уулзалтаар:

▪️ Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд Булган-Такашикэн боомтын нэвтрэх хүчин чадлыг нэмэгдүүлж өргөтгөх,
▪️ Булган-Такашикэн боомтоор мал аж ахуйн бүтээгдэхүүн экспортлох, 
▪️ Хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх, 72 цагийн визгүй аялал жуулчлалыг хэрэгжүүлж, хамтран ажиллах,
▪️ Алтай уулыг тойрсон бүс нутгийг хамарсан эдийн засаг, худалдааны салбарт хамтран ажиллах, Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын хил гаалийн чөлөөт бүс байгуулах,
▪️ Өвлийн аялал жуулчлал болон соёлын хамтын ажиллагааг хөгжүүлэх, өвлийн спортын уралдаан, тэмцээн зохион байгуулах,
▪️ Ховд аймагт цанын бааз байгуулах зэрэг асуудлаар санал солилцож, хамтран ажиллахаар болжээ.



Айлчлалын үр дүнд хоёр талын хэлэлцээгээр Булган-Такашикэн боомтоор Монгол Улсын иргэн өдөрт 8000 юань (4,094,000₮) хүртэлх бараагаа татваргүй гаргаж, Такашикэн хотхоны хилийн иргэдийн зах буюу чөлөөт бүсэд бараагаа борлуулах боломж бүрдлээ гэж Засаг дарга Э.Болормаа өөрийн цахим хуудаснаа мэдээллээ.


Мөн тус айлчлалын хүрээнд орон нутагт хэрэгжүүлэх боломжтой төсөл, хөтөлбөрөөс туршлага судлах зорилгоор МҮХАҮТ-ын Ховд аймгийн салбар танхимтай хамтран хувийн хэвшлийн төлөөллийн хамт ажилласан байна.

Айлчлалын үеэр Ховд аймгийн хувийн хэвшлийн төлөөлөл, БНХАУ-ын ШУӨЗО-ны Алтай аймгийн хувийн хэвшилтэй хамтран ажиллах чиглэлд санал солилцсон байна. Үүнээс гадна Алтай аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, Хатгамалын үйлдвэр, Чацарганы биотехнологийн компани, БНХАУ-ын Хөдөөгийн сэргэлтийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй Чингелао тосгоны бүтээн байгуулалт, үхрийн ферм, худалдаа, аялал жуулчлалын төвүүдээр зочлон туршлага судлаад иржээ.

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ