Төрийн албаны шалгалтад Ховд аймгийн хэмжээнд 208 иргэн оролцохоор бүртгүүлжээ



Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж төрийн албаны ерөнхий шалгалтыг улиралд нэгээс доошгүй удаа зохион байгуулж болох талаар зохицуулалт туссан. Үүний дагуу Төрийн албаны зөвлөлөөс 2023 онд төрийн албаны нөөц бүрдүүлэх ерөнхий шалгалтыг хуваарийн дагуу 4 удаа зохион байгуулахаар тогтсон. Тэгвэл энэ оны нэгдүгээр улирлын шалгалт энэ өглөө улс орон даяар нэгэн зэрэг эхэллээ. 



2023 оны гуравдугаар сарын 16-17-ны өдрүүдэд  болох энэхүү шалгалтад Ховд аймгаас нийт 208 иргэн оролцохоор бүртгүүлжээ. Бүртгүүлсэн иргэдийг өдөрт дөрвөн ээлжээр, нэг ээлжид 26 байхаар хуваарилж тогтоосон цагуудад шалгалтыг авч байна. 



Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлөөс шалгалтын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд ил тод, нээлттэй хүргэх үүднээс аймгийн Засаг даргын Тамгын газрын цахим хуудас, мөн цахим дэлгэцээр шууд харуулж байгаа юм. Эхний буюу гуравдугаар сарын 16-ны өдөр 4 ээлжээр 104 хүн шалгалтад орохоос 83.6 хувьтай хамрагдаж, шалгалт хэвийн үргэлжилж байна.


Улс орон даяар нэгэн зэрэг зохион байгуулж буй шалгалтын явцтай УИХ-ын дарга Г.Занданшатар танилцан нийт оролцогчдод "ЦАХИМ"-аар амжилт хүслээ. 

Шалгалт маргааш буюу гуравдугаар сарын 17-ны өдөр дуусна.







Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ