Монгол Улсын Их Хурлын 2019-2024 оны стратеги төлөвлөгөөнд ЕБС-ийн сурагчид, их, дээд сургуулийн оюутан залууст зориулсан Парламентын боловсролын хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх зорилт тусгагдсан байдаг. Зорилтын хүрээнд Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгээр
“Парламентын боловсрол” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байгаа. Дээрх ажлын хүрээнд төслийн баг, Ховд аймгийн ИТХ хамтран Жаргалант сумын Ерөнхий боловсролын 8 сургуулийн нийгмийн ажилтан, түүх, нийгмийн ухааны багш нар, ахлах ангийн сурагчдын төлөөлөл болон Өсвөрийн парламентын сурагчид гэсэн 80 гаруй багш, сурагчийг хамруулан төсөл танилцуулах уулзалтыг өнөөдөр /2022.04.28/ зохион байгууллаа.
Ардчилсан тогтолцоонд парламент ямар үүрэг гүйцэтгэдэг болохыг цогц, системтэй ойлгуулахаас гадна парламент үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхдээ төлөөллийг хангасан, ил тод, үр нөлөөтэй байх нь ямар чухал болохыг хүүхэд, залуучууд, олон нийтэд тайлбарлан сурталчлахыг гол зорилгоо болгожээ.
Швейцарийн хөгжлийн агентлагаас хийсэн судалгаагаар Монгол Улсын иргэдийн 40 гаруй хувь нь парламентийн үйл ажиллагааны талаарх мэдлэг хангалтгүй, 18-24 насны залуучуудын 35 хувь нь сонгуульд саналаа өгдөггүй гэсэн судалгаа гарчээ. Тэгвэл энэхүү хөтөлбөр иргэдийг парламентын засаглалын үйл явцад мэдлэгтэйгээр оролцох боломжийг бүрдүүлэх үндэс суурь болно хэмээн төсөл санаачлагчид үзэж байна.
Танилцуулах уулзалтаар “Дэлхийд парламент яаж үүссэн бэ, Монгол Улсад хэзээ парламент байсан бэ, яаж хөгжсөн бэ, Парламент юу хийдэг вэ” зэрэг сэдвийн хүрээнд танилцуулга мэдээллийг хүргэж, төслийн хүрээнд цаашид хийх ажлын талаарх мэдээллийг өглөө.
ВИДЕО:с