Монгол Улсын
“Амьтны тухай хууль”-ийн 10 дугаар зүйлийн Агнуурын амьтан агнах, барихад хориглох арга, зэвсэг хэрэгсэлд “хавх”-ыг оруулсан байдаг боловч нутгийн иргэд өргөнөөр хэрэглэсэн хэвээр байна.
Хавхаар амьтан агнах нь сүргийн бүх насны төлөөллийг ялгахгүйгээр хөнөөх эрсдэл өндөртэй, уламжлалт бус ан агнах хэрэгсэл юм. Монгол оронд 1990 он гэхэд 20 саяар тоологдож байсан тарваганы тоо толгой 2002 онд 5 саяд хүртлээ буурсны гол шалтгаан нь хууль бус агнуур, арьсны худалдаа байсан бөгөөд тарвагыг одоо ч хавхаар агнасаар байна.
Байгаль хамгаалагч, анчдын туршлагаар нэг хавхыг аюулгүй болгосноор жилд дор хаяж 10 амьтны амийг авардаг нь тогтоогдсон бөгөөд ингээд бодохоор 1293 хавхыг аюулгүй болгосноор дор хаяж 12,930 амьтны амийг аварсан сайн үйлс болж байгаа юм.
Хэдийгээр 3 жил дараалсан ажлыг зохион байгуулан орон нутагт олон тооны хавхыг хураасан боловч 2017 онд хураан авсан хавхны 30 гаруй хувь буюу 200 орчим нь шинэ, үйлдвэрийн, гадаад улсаас импортоор орж ирсэн хавх эзэлж байна. Өнгөрсөн 7 хоногт л гэхэд мэргэжлийн байгууллагууд хамтран 6 сая 375 мянган төгрөгийн үнэ бүхий 255 ширхэг хавхыг устгалд оруулжээ. Дахин ашиглах боломжгүй болсон хавхыг ашиглан Жаргалант суманд хөшөө дурсгалын зүйл хийхээр шийдвэрлэжээ.
Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас хуулийн хэрэгжилтийг сайжруулах, хууль бус ан агнууртай тэмцэхэд чиглэсэн бодлогын түвшний арга хэмжээг авах үүднээс Засгийн газрын 2001 оны 54 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон барааны кодолсон жагсаалт”-д хавхыг оруулж, Монгол Улсын хилээр оруулж ирэхийг хориглох Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулан Засгийн газарт өргөн бариад байна.
ВИДЕО: