Ховд аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл энэ сарын 12-ны өдөр хуралдаж, өнгөрсөн 2020 онд хэрэгжүүлсэн ажлын тайлан, үр дүн, 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар хэлэлцлээ.
Тус зөвлөл нь өнгөрсөн онд гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр болзолт уралдаан, нэгдсэн, хэсэгчилсэн, сурталчилгааны, соён гэгээрүүлэх арга хэмжээг үе шаттай зохион байгуулжээ. Улмаар салбар зөвлөлийн гишүүн байгууллагын хамтын ажиллагааны үр дүнд төрийн ба төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, сургууль, цэцэрлэг зэрэг нийт 700 гаруй байгууллагыг удирдлага, зохион байгуулалтаар хангаж, архидан согтуурахтай тэмцэх, гэр бүлийн хүчирхийлэл, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлд давхардсан тоогоор 378 арга хэмжээнд 30 мянга орчим иргэнийг хамруулж, 40 мянган ширхэг гарын авлага, санамж сэрэмжлүүлэг олгон ажиллажээ.
Мөн сум болон албан байгууллагуудын дунд болзолт уралдаан зохион байгуулах замаар камержуулж, олон нийтийн байцаагчийг сум бүрт ажиллуулан, зөрчил үйлдэж болзошгүй цэгийг байнгын хяналтад авч, хүн хүчийг хуваарилснаар 2020 онд 394 гэмт хэрэг бүртгэгдсэн буюу өмнөх оны мөн үетэй харьцуулахад гэмт хэрэг 18.1 хувиар буурсан.
Салбар зөвлөлийн гишүүдийн зүгээс цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын эерэг үзүүлэлтийг бататган нэмэгдүүлэх, иргэдийг соён гэгээрүүлэх нөлөөллийн ажилд түлхүү анхаарч ажиллахаа илэрхийллээ. Мөн энэ онд төлөвлөгөөний дагуу архидан согтуурахтай тэмцэх, насанд хүрээгүй хүмүүсийн үйлдэж байгаа гэмт хэрэг, гэр бүлийн хүчирхийллийг бууруулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үндэсний аюулгүй байдал, авлига, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргээс сэргийлэх, сургалт зөвлөгөөн, бусад гэсэн найман бүлэг багц ажлыг гүйцэтгэх юм.
ВИДЕО: