120 гаруй хоршоонд үнэлгээ хийжээ



Ховд аймагт үйл ажиллагаа явуулдаг улсын бүртгэлтэй анхан шатны ба дундын хоршоодод үнэлгээ хийх ажил 70 гаруй хувьтай үргэлжилж байна. Тодруулбал, аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй улсын бүртгэлтэй 210 хоршоо бий. Үүнээс одоогийн байдлаар 120 гаруй хоршооны үйл ажиллагаанд үнэлгээ хийсэн гэж Ховд аймгийн ХХААГ-аас мэдээллээ. Тус үнэлгээний ажил зургаадугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд үргэлжилнэ. 
Засгийн газрын 2019 оны 362 дугаар тогтоолоор “Хоршоог хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөр-III” батлагдсан. Тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүднээс хоршоодын үйл ажиллагаа тогтвортой эсэхийг тогтоох, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн тоо хэмжээ, хүчин чадлын талаар нарийвчилсан мэдээлэл цуглуулах, хариуцлага, дотоод хяналтыг сайжруулах зорилгоор хоршоодын хөгжлийн үнэлгээг улс орон даяар зохион байгуулж буй. Энэ хүрээнд ХХААХҮЯ-ны Жижиг дунд үйлдвэр үйлчилгээ, хоршооны хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Монголын хоршооллын үндэсний нэгдсэн холбоо хамтран арга зүйн сургалтыг өнгөрсөн тавдугаар сард Ховд аймагт зохион байгуулсан. Уг сургалтад Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга болон 17 сумын жижиг, дунд үйлдвэр, хоршоо хариуцсан мэргэжилтнүүд оролцож, мэдлэг арга зүй эзэмшжээ. Сургалтад оролцсон мэргэжилтнүүд одоо аймаг, сум орон нутгийнхаа хоршоодын үйл ажиллагааг 5 асуулт бүхий үзүүлэлтээр дүгнэж буй. Тэд үнэлгээний ажлын нэгдсэн дүнг ХХААХҮЯ-ны Жижиг дунд үйлдвэр үйлчилгээ, хоршооны хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Монголын хоршооллын үндэсний нэгдсэн холбоонд хүргүүлэн ажиллана. Энэ ажлын үр дүнд хоршоодын үйл ажиллагааг хөгжүүлэхэд цаашид баримтлах бодлогыг тодорхойлох аж.  

 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ