Б.Болормаа: Хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн стандартыг баримтлах замаар аюулгүй ажлын байр бүрдүүлэх хэрэгтэй



“Аюулгүй ажиллагаа амьдралын баталгаа” арга хэмжээ зохион байгуулж байгаатай холбогдуулан Ховд аймаг дахь Цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, Цагдаагийн ахмад Б.Болормаатай ярилцлаа.  

-Сайн байна уу?. Улсын хэмжээнд “Аюулгүй ажиллагаа амьдралын баталгаа” арга хэмжээ зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээний гол зорилго юу вэ?
-Сайн. Сайн байна уу. ЦЕГ-ын Хэрэг бүртгэх албанаас “Аюулгүй ажиллагаа амьдралын баталгаа” арга хэмжээг  2020 оны тавдугаар сарын 07-ны өдрөөс эхлэн зохион явуулж байна. Энэ хүрээнд Ховд аймаг дахь Цагдаагийн газраас МХГ-тай хамтран салбар ажлын төлөвлөгөө гарган хэрэгжүүлж байгаа юм. Энэхүү арга хэмжээний зорилго нь хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны журам зөрчигдсөний улмаас хүний эрүүл мэндэд хохирол учруулах гэмт хэргийн гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлэх, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэж байгаагаараа онцлогтой. 
-Тус арга хэмжээний хүрээнд Ховд аймагт  ямар ажил хийхээр төлөвлөсөн бэ?
-Тэгэхээр иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, аж ахуй нэгж, байгууллагын энэ төрлийн хяналтыг нэмэгдүүлэх ажлыг түлхүү зохион байгуулж байна. 
Шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын хэмжээнд Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байгаа. Яг энэ үед иргэдийг олноор цуглуулахгүй байх чиглэлийг баримтлан аливаа ажил, арга хэмжээг цахим болон орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан түгээн ажиллаж байна. Тухайлбал, аж ахуйн нэгж, байгууллагуудад уриалга, ковер, баннер, лого хэвлүүлэн өгч, тус арга хэмжээг сурталчилж байна.
Мөн  хариуцсан нутаг дэвсгэрт барилга, үйлдвэрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж байгууллагын судалгаа гаргаж, мэргэжлийн хяналтын байцаагч нарын хамтаар үзлэг шалгалтыг хуваарийн дагуу зохион байгуулж байна.
-Ховд аймагт хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны журам зөрчсөний улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг он гарснаар хэд бүртгэгдсэн бэ? 
-Хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны журам зөрчсөний улмаас үйлдэгддэг гэмт хэрэг хуучин эрүүгийн хуулийн 138, 183 дугаар зүйлээр зүйлчлэгдэн шалгагддаг байсан. Тэгвэл өдгөө 2017 оны долоодугаар сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлсэн шинэ Эрүүгийн хуулийн 10.6 буюу “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох”, 11.3 буюу “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах”, 11.5 буюу “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах” зүйл ангиудаар зүйлчлэн шалгагдаж байна. Ховд аймагт он гарснаар нэг гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байна.
-Энэ төрлийн гэмт хэрэг гарах гол шалтгаан юу байна вэ?
-Ихэвчлэн ажил олгогч, ажилтан, алба хаагчдын хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны журмын талаарх хууль, эрх зүйн мэдлэг, мэдээлэл дутмаг, ажлын тусгай хувцас, нэг бүрийн тусгай хэрэгслийг зориулалтын дагуу өмсөж, хэрэглэдэггүй, аюулгүйн санамж, тэмдэг, тэмдэглэгээ, хашлага, хаалт, хамгаалалт хийдэггүй, эвдрэл гэмтэлтэй, бүтэц хийцийг өөрчилсөн тоног төхөөрөмжийг ашиглах зэрэг хайхрамжгүй байдлаас болж энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгддэг.   
-Тэгвэл иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд цаашид юунд анхаарах вэ?
-Энэхүү гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэндэд нөхөж баршгүй хохирол учирдаг тул аж ахуйн нэгж, байгууллагууд ажлын байранд тавигдах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандартыг ханган, аюулгүй ажлын байрыг бүрдүүлж ажиллах хэрэгтэй байгаа юм.
-Ярилцсанд баярлалаа. 


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ