Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2019 оны ажлын төлөвлөгөө 93.5 хувьтай биелжээ



Ховд аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл нэгдүгээр сарын 30-ны өдөр хуралдаж, өнгөрсөн 2019 онд хэрэгжүүлсэн ажлын үр дүн, 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар хэлэлцлээ. Тус зөвлөл нь 2019 онд иргэдийн хууль эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөг дээшлүүлэх зорилт дэвшүүлж,  8 бүлгийн 46 заалт бүхий ажлын төлөвлөгөө батлан хэрэгжүүлсэн юм. Энэхүү ажлын төлөвлөгөөг өдгөө  93.5 хувьтай биелүүлсэн байна.



Ховд аймгийн 17 суманд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр давхардсан тоогоор 62298 иргэнд яриа таниулга, сургалт сурталчилгаа хийж, 49600 ширхэг гарын авлага, сэрэмжлүүлэг тараан ажиллажээ. Үүнээс гадна Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс зохион байгуулж буй томоохон үйл ажиллагаа, уралдаан тэмцээн, соён гэгээрүүлэх ажлын үр дүнд зөрчлийн шинжтэй гомдол мэдээллийн гаралт 9.7 дахин буурсан байна. Цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын эерэг үзүүлэлтийг бататган нэмэгдүүлэх, үндэсний аюулгүй байдлын тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудтай уялдаа холбоотой хамтран ажиллах болно гэж албаныхан хэлж байлаа. 



Хурлын үеэр Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүд санал бодлоо нээлттэй илэрхийлж, хүрээлэн буй орчны эсрэг болон гэр бүлийн хүчирхийлэл, малын хулгайн гэмт хэрэг, зөрчлийг бууруулах чиглэлд зайлшгүй анхаарах шаардлагатай байгааг онцоллоо. Түүнчлэн зөвлөлийн гишүүдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, гэмт хэргийн гаралт, зөрчил дутагдалд дүн шинжилгээ хийж статистик үзүүлэлт гаргах, хөндлөнгийн үнэлгээ-мониторинг хийлгэх,  санал асуулгын хуудас бий болгох, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зарим ажилд төсөв санхүүг нэмэгдүүлэх,  камержуулалт аяны үйл ажиллагааг өргөжүүлэх зэрэг нэлээд санал уламжилсан юм. Ийнхүү зөвлөлийн гишүүдээс гарсан зарим саналыг 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлэхээр боллоо. 

ВИДЕО:







   

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ