“Хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн Ховд аймгийн нэгдсэн зөвлөгөөн”-ий зөвлөмжийн 3.6-д “Төрийн албан хаагчид гэр бүлдээ гаргах чөлөөт цагийг зохицуулах, хүүхдийнх нь төрсөн өдрөөр цалинтай чөлөө олгох” тухай заасан байна.
Үүнтэй холбогдуулан аймгийн Засаг даргын А|661 дүгээр захирамж гарч, бүх шатны төрийн байгууллагын албан хаагчдын нийгмийн баталгааг дэмжих, тэдний хүүхэд, гэр бүлтэйгээ өнгөрүүлэх чөлөөт цагийг нэмэгдүүлэх, хүүхдийн эрхийг дээдлэх, гэр бүлд ээлтэй орчин бий болгох зорилгоор энэ оны 11 дүгээр сараас эхлэн 0-18 насны хүүхэдтэй төрийн албан хаагчдад хүүхдийнх нь төрсөн өдрөөр цалинтай чөлөө олгохоор шийдвэрлэжээ.
Улмаар тухайн байгууллагын онцлог, хөдөлмөрийн дотоод журамд үндэслэн албан хаагчдын ажиллах нөхцөлийг сайжруулах зорилтын дагуу хүүхдийн төрсөн өдрийн судалгаа авч, дээрх шийдвэрийг үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэхийг бүх шатны төрийн байгууллагын дарга нарт үүрэг болгов. Мөн аж ахуйн нэгжийн удирдлага, захирал нарт уриаллаа. Аймгийн ГБХЗХГ-аас тус санаачлага, шийдвэрийг дэмжиж, хүүхдийн төрсөн өдрөөр ажилтнууддаа цалинтай чөлөө олгохоор болсон гэж мэдээллээ.