Монгол Улсын Сангийн яамнаас орон нутгийн нягтлан бодогчдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор “Улсын секторын нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын мэдлэг олгох сургалт”ыг 11 дүгээр сарын 06, 07-ны өдөр Ховд аймагт зохион байгуулж байна. Сургалтад орон нутгийн төсөвт байгууллагуудын 100 орчим нягтлан бодогч оролцож байгаа юм.
Сургалтын чиглүүлэгчээр Сангийн яамнаас эрх авсан нягтлан бодох бүртгэлийн сургагч багш нар ажиллаж байгаа бөгөөд санхүүгийн тайлангийн толилуулга, нягтлан бодох бүртгэлийн бодлого, тооцооллын өөрчлөлт ба алдаа, бараа материал, үл хөдлөх хөрөнгө, биет бус хөрөнгө, мөнгөний гүйлгээний тайлан, үйлчилгээний концесийн хэлцэл, нийгмийн халамж, ажилтны тэтгэмж, нөөц, болзошгүй өр төлбөр ба болзошгүй хөрөнгийн чиглэлээр шинэчлэгдсэн 40 орчим стандартыг танилцуулж байна. Энэхүү сургалтын үйл ажиллагааг Дэлхийн банкны төсөв санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төслөөс санхүүжүүлжээ.
<