Хөшөөт багийг нүүлгэн шилжүүлэх ажил өрнөж байна



Ховд аймаг болон "Мо-Эн-Ко" ХХК-ийн 2017-2020 онд хамтран ажиллах гэрээний дагуу Хөшөөт багийг нүүлгэн шилжүүлэх, суурьшуулах ажлын хэсэг байгуулж, улмаар Цэцэг сумын төвөөс 4-5 метрийн зайд суурьшуулахаар болсон юм. Үүнтэй холбогдуулан шинэ багийн төвийн бүтээн байгуулалтын ажлыг үе шаттай хийсэн. Мөн цахилгаан эрчим  хүч,  ус, дулаан хангамжтай болгожээ. Хөшөөт багт 174 айл өрх оршин суудаг. Эдгээр айл өрхүүдтэй “Мо-Эн-Ко” ХХК  нүүлгэн шилжүүлэлтийн гэрээ хийжээ. Тус гэрээнд өрх бүрт эрүүл мэндийн нөхөн олговор буюу  найман сая төгрөг олгохоор тусгасан байна. Улмаар гэрээний дагуу үнийн дүнгийн 50 хувийг  иргэдэд олгож байна. Ингэснээр тус багийн айл өрхийн 70 орчим хувь нь гэр, зарим ачаагаа шинэ суурьшлийн бүс дэх хашаандаа нүүлгэн, суурьшиж эхэлсэн юм. Хөшөөт багийн төвийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг арван нэгдүгээр сарын 01-ний өдөр гэхэд дуусгана гэж албаныхан мэдээллээ.

Өнгөрсөн 2018 онд Улсын төсвийн 600 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Хөшөөт багийн  төвийн захиргааны барилгыг  шинээр бүтээн босгож, орон нутагт хүлээлгэн өгчээ. Түүнчлэн "Мо-Эн-Ко" ХХК-ийн Хөшөөтийн уурхайгаас 100 хүүхдийн цэцэрлэг, 150 хүний суудалтай соёлын төв, халуун ус, уурын зуух, гүний худаг, ус түгээх байр барих зэрэг  бүтээн байгуулалтын ажил хийсэн аж. Мөн компанийн зүгээс 111 айл өрхийн 900 мкв талбай бүхий хашааг шинээр барьж, өмчийн гэрээний дагуу айл өрхүүдэд олгосон байна.

<
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ