ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Саулегаар ахлуулсан ажлын хэсэг Ховд аймагт ажиллаж байна



Монгол Улсын Засгийн газрын “Хөдөө аж ахуйн салбарын 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” 285 дугаар тогтоолын хүрээнд ажлын хэсэг байгуулж өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг хангах төлөвлөгөөг гаргажээ. Энэ ажлын хэсгийг ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле ахлан ажиллаж байгаа бөгөөд өвөлжилтийн бэлтгэл ажил болон мал, мах бэлтгэлийн чиглэлээр Монгол улсын Засгийн газраас баримталж буй бодлого чиглэлийг танилцуулах, үүрэг чиглэл өгч ажиллах зорилгоор орон нутагт ажиллаж байна.


Өнөөдөр /2019.10.04/ Ховд аймагт ажиллав. Тэрбээр ажлын хэсгийн хамтаар Ховд аймагт үйл ажиллагаа явуулж буй махны 3 үйлдвэр, мах боловсруулах нэг үйлдвэрээр орж, үйл ажиллагаатай нь танилцсан байна.



Үүний дараагаар оройн 19:00 цагт аймгийн Онцгой комиссын гишүүд, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгийг хуралдуулав. Энэ үеэр аймаг, орон нутгийн удирдлагууд өвөлжилтийн бэлтгэл хангалтын явц, цаашид анхаарах асуудлын талаар танилцууллаа.



Ховд аймагт 2019-2020 оны өвөл урьдчилсан байдлаар нийт 91 багт 8476 малчин өрхийн 3122,9 мянган мал, хонин толгойд шилжүүлснээр 4780,0 мянган мал өвөлжих урьдчилсан дүн мэдээ байна. Аймгийн Засаг даргын 05 дугаар албан даалгаврын хүрээнд малчдын түвшинд 61,6 мянган тн өвс, 4,0 мянган тн тэжээл, 7,7 мянган тн хужир шүү бэлтгэх төлөвлөгөөтэйгээс 2019 оны 10 дугаар сарын 03-ны байдлаар 60,7 мянган тн өвс, 2066,3 тн гар тэжээл, 4954,2 тн хужир шүү бэлтгэжээ. Өөрөөр хэлбэл Хадлан бэлтгэл 98,7 хувьтай, өвөлжилтийн бэлтгэл ажил 84 хувьтай байна.



Өвөлжилтийн бэлтгэлийг хангах Монгол улсын Засгийн газрын албан даалгаврыг үндэслэн аймгийн Засаг даргын албан даалгавар гарган ХАА-н болон төв суурин газрын гэсэн 2 чиглэлээр хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Энэ онд 3 суманд хадлангийн механикжсан салаа байгуулж үйлдвэрлэлийн зориулалтаар өвс бэлтгэхээс гадна иргэдээс чанартай өвс худалдан авах замаар аймгийн нөөцийн өвсөө бэлтгэж байна. Зуншлага сайтай байсан учраас дотоодынхоо хэрэгцээний өвсний нөөцийг бүрдүүлээд илүүг нь зэргэлдээх аймаг руу нийлүүлэх, ингэхдээ өвсний үнийг хэт хөөрөгдүүлэхгүй байх бодлого барьж байгаа талаар Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав хэлсэн үгэндээ онцоллоо.



ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле орон нутгийн удирдлагуудын мэдээллийг сонсоод:

-Цаг агаарын урьдчилсан мэдээгээр цас их орж, өвөлжилт, хаваржилт хүндэрч болзошгүй учраас малчин бүр өвс тэжээлийн нөөцөө сайтар бүрдүүлэх,
-10-р сарын 20 гэхэд бүх малыг угаалга туулгалт, урьдчилан сэргийлэх тарилгад бүрэн хамруулах, малчдын хашаа хороог халдваргүйжүүлэх ажлыг зохион байгуулах,
-Отрын зураглалыг яаралтай гаргах, отор нүүдэл хийхдээ бүс дотроо зохицуулах,
-Мал сүргийг ээмэгжүүлэх, коджуулах, мөшгөх тогтолцоог нэвтрүүлэх,
-Махны үйлдвэрүүдийн үйл ажиллагааг чанаржуулах, мал, мах их хэмжээгээр бэлтгэж буй асуудалд тавих хяналтыг сайжруулах,
-11-р сард УБ хотноо зохион байгуулах “ИДЭШ” нэгдсэн арга хэмжээнд сум бүрийг 1000 ширхэг гулууз бэлтгэн оролцуулах ажлыг идэвхтэй зохион байгуулах зэрэг хэд хэдэн асуудалд анхаарч ажиллах үүрэг чиглэл өглөө.


Мөн орон нутгийн удирдлагуудын тавьсан арьс ширийг хил гаалиар гаргах, өнгөрсөн хавар байгалийн гамшигт малаа алдсан малчдад нөхөн олговор олгох, нэгдсэн дулаанд холбогдсон зарим сумдыг нөөцийн цахилгааны эх үүсвэртэй болгох зэрэг асуудлыг судалж, Засгийн газрын хуралдаанд танилцуулж ажиллахаар болов.

ВИДЕО:






Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ