
Батлан хамгаалах яамнаас 2025 оныг
“Эх оронч Монгол-Их сэргэлтийн жил” болгон зарласантай холбогдуулан хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, спортоор хичээллэх хүсэл, зорилгыг нэмэгдүүлэх, эх оронч үзэл төлөвшүүлэх, волейболын спортоор дамжуулан батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах, иргэн цэргийн харилцааг бэхжүүлэх зорилгоор энэхүү тэмцээнийг зохион байгуулж байна.

Тэмцээнийг аймгийн Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч М.Баярт нээж баг, тамирчдад амжилт хүслээ.

Үүний дараагаар Төрийн дуулал эгшиглүүлж авьяаслаг сурагчид дуу, хуур, бүжиг наадмынхаа дээжээс өргөн барив.
Аймгийн Засаг даргын ивээл дор Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб, Ховд аймгийн “Мөнх медальд хөтлөх зам” нийтэд үйлчлэх төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулж буй уг тэмцээнд эрэгтэй, эмэгтэй нийт 46 багийн 500 орчим тамирчин оролцож байна.

Тэмцээнд Ховд аймгийн 17 сумын Ерөнхий боловсролын дунд сургууль, волейболын клубүүдээс гадна Баянхонгор, Баян-өлгий аймгаас баг тамирчид зорьж ирсэн нь тэмцээний цар хүрээг улам өргөтгөж байгааг зохион байгуулагчид онцоллоо.

“U-14 НАС”-ны аварга шалгаруулах волейболын тэмцээнийг хоёр өдөр зохион байгуулж маргааш
/2025.04.13/ аварга багуудыг шалгаруулна.



