
Баян-өлгий аймгийн нутаг Алтай таван богдын Сонгинотын даваагаас хэт холын зайн гүйлтээ эхлүүлсэн “5 ЦЭГ” багийн тамирчид болох ахлах ахлагч Э.Даваажамц, дэд ахлагч Б.Буянхишиг нар 350 км замыг туулан өнөөдөр /2025.04.10/ Ховд нутагт орж ирэв.
Тамирчдыг: -Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Баасанхүү,
-Зэвсэгт хүчний Жанжин штабын бодлого, стратегийн төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал С.Ванчинхүү,
-Аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа Б.Ганхуяг,
-Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн захирагч, хурандаа Х.Энхболд нар болон албаны бусад төлөөлөл, иргэд, хүүхэд залуусын хамтаар төв талбайд угтан авч амжилт хүслээ.

Ардын хатанбаатар С.Магсаржавын нэрэмжит Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжимчин, цэрэгжлийн спортын мастер, ахлах ахлагч
Э.Даваажамц багийн гишүүн Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн гүүрчин аврагч, спортын мастер, дэд ахлагч Б.Буянхишиг нар ийнхүү ес дэх өдрөө хуваарийн дагуу гүйж явна.

Тэд эх орныхоо дөрвөн зүгийн хязгаарт орших Соёмбот баганыг Монгол Улсынхаа төв цэгтэй холбосон 5000 км замыг нийт 99 хоногт туулахаар төлөвлөж байгаа юм.
Тодруулбал,
-Баруун захын цэг Алтай таван Богдоос зүүн захын цэг Дорнод аймагт байрлах Соёлз уулын Модот хамар хүртэл 11 аймгийн 40 сумын нутаг дэвсгэрээр 3280 км замыг 63 хоногт,
-Хойд захын цэг Хөвсгөл аймагт байрлах Монгол шарын даваанаас өмнөд захын цэг Өмнөговь аймгийн Орвог гашууны Бор толгой хүртэл таван аймгийн 23 сумын нутаг дэвсгэрээр 1720 км замыг 36 хоногт туулж 07 дугаар сарын 10-нд барианд орохоор тооцжээ.

Эр зориг, тэсвэр хатуужил гарган хүүхэд, залууст үлгэрлэж яваа тамирчдад амжилт хүсье.
