
Аймгийн Засаг даргын Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар хамтран
"Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян" тариаланчдын зөвлөгөөн зохион байгуулж байна.

Өнөөдөр
/2025.04.08/ эхэлсэн тус зөвлөгөөнд зохион байгуулагч байгууллагууд, 17 сумын удирдлагууд, тариаланчид болон салбарын төлөөлөл гээд 250-иад хүн оролцож мэдээлэл солилцож байна.

Өнгөрсөн 2024 оны хаврын тариалалт, намрын ургац хураалтад Ховд аймгийн хувьд 3200 гаруй тариаланчид ажиллан аймгийн хэмжээнд 2900 орчим га талбайд тариалалт хийж нийт 29.0 мянган тонн ургац хураан авсан. Тэгвэл энэ жил тариалалтын талбайн хэмжээг нэмэгдүүлж 3500 га-д хүргэхээр төлөвлөж байна.

Жил ирэх тусам тариаланчдын тоо өсөж, авах ургацын хэмжээ нэмэгдэж энэ хэрээр орон нутагт ажлын байр бий болж байгаа сайн талтай. Гэвч бүтээгдэхүүн үнэгүйдэх, чанар, сорт нь алдагдах гээд сөрөг үр дагавар багагүй гарч байгаад хаа хаанаа анхаарах цаг болсныг аймгийн Засаг дарга, баруун бүсийн зөвлөлийн дарга М.Амарсанаа зөвлөгөөнийг нээж үг хэлэхдээ онцоллоо.

Мөн:
-Усалгаатай газар тариаланг хөгжүүлэх,
-Тэжээлийн ургамлын тариалалтыг нэмэгдүүлэх,
-Услалтын симтем сайжруулах,
-Үр, сортыг шинэчлэх,
-Тариалангийн дэвшилтэт технологийг нэвтрүүлж, хөрс, уур амьсгалын онцлогт тохирсон шинэ болон ашигт таримлыг нутагшуулах,
-Тариалалтын талбайн хэмжээг ойрын жилүүдэд 10 000 га-д хүргэх зэрэг энэ салбарт барьж буй бодлого, хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлынхаа талаар товч танилцуулж амжилт хүслээ.

Монгол Улсын Засгийн газрын 47 дугаар тогтоолоор
“Атар IV Тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ыг улсын хэмжээнд 4 жилийн хугацаатайгаар эрчимжүүлэн хөгжүүлэхээр шийдвэрлэсэн.
Энэ жилийн зөвлөгөөнөөр Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”, Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилсан “Шинэ сэргэлтийн бодлого” Засгийн газрын “Атрын 4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ыг хэрэгжүүлэн ажиллах талаар ярилцаж цаашид хийж хэрэгжүүлэх бодлогоо тодорхойлох юм.




