"Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эрүүлжүүлэх аян” Ховд аймгийн Жаргалант суманд өрнөж байна



16-49 насны эмэгтэйчүүдийг нөхөн үржихүйн насны эмэгтэй гэж үздэг. Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх цогц үзлэгт хамруулах, үе шаттайгаар эмчилж, эрүүлжүүлэх замаар  эх, хүүхдийн өвчлөл, эндэгдэл бууруулах зорилгоор Жаргалант суманд “Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эрүүлжүүлэх аян” өрнүүлж байна. 
Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн  урьдчилан сэргийлэх үзлэгийг  Жаргалант сумын 5 өрхийн эрүүл мэндийн төвд тусгай хуваарийн дагуу зохион байгуулах бөгөөд  Жаргалан өрхийн эрүүл мэндийн төвд 2019 оны 8 дугаар сарын 14-ны өдрөөс эхлэн хуваарийн дагуу 10 хоног үргэлжилж байна. Энэ хүрээнд БОЭТ-ийн эх барих, эмэгтэйчүүдийн эмч, доторын эмч, хэт авиан шинжилгээ хийх эмч, амны хөндийн үзлэг хийх эмч, лаборант гэсэн 5 мэргэжлийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн, холбогдох өрхийн эрүүл мэндийн байгууллагын эмч нар  иргэдэд  тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа юм. 
Тус  аян гурван үе шаттай явагдах  бөгөөд   эхний шатанд 18-49 насны эмэгтэйчүүд өрхийн эрүүл мэндийн төв дээр,  хоёрдахь шатанд өсвөр үе буюу 15-17 насныхан  сургууль дээр  урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдана. Харин  гуравдугаар шатанд  дээрх  үзлэгээс өөрчлөлттэй гарсан иргэдийг  2020 оны эхний улиралд багтаан эмчилж, эрүүлжүүлэхээр төлөвлөж байна. Иймд нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд өөрийн харьяа өрхийн эрүүл мэндийн байгууллагаар дамжин эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт үнэ төлбөргүй хамрагдах боломжтой. Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийг  хуваарийн дагуу  харьяа өрхийн эрүүл мэндийн байгууллагаар  дамжуулан урьдчилан сэргийлэх  үзлэгт идэвхтэй хамрагдахыг  Ховд аймгийн Эрүүл мэндийн газраас уриалав.



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ