АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл С.Клечески энэ сарын 27-29-ний өдрүүдэд Ховд аймагт ажлын айлчлал хийж байна. Тэрбээр Ховд аймагт ажиллах үеэрээ аймгийн удирдах ажилтнуудтай уулзаж, орон нутгийн нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Уулзалтад АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл С.Клечески, АНУ-ын Элчин сайдын яамны Олон нийттэй харилцах албаны дарга Роб Тэйт, Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг дарга Б.Дүгэржав болон бусад удирдах ажилтан, холбогдох мэргэжилтнүүд оролцсон юм.
Уулзалтын хүрээнд талууд хоёр улсын олон жилийн найрсаг харилцаа, хамтын ажиллагаа, тэр дундаа Ховд аймаг дахь Америкийн соёл мэдээллийн төвийн үйл ажиллагаа, Энхтайвны корпусын сайн дурын ажилтнуудын дэмжлэг, ач холбогдлын талаар ярилцлаа. Цаашид орон нутагт ажиллах сайн дурын ажилтнуудын тоог нэмэгдүүлэх, сурагчдын хэлний мэдлэгийн түвшинг нэмэгдүүлэх, эдийн засаг бизнесийн харилцааг өргөжүүлэх, эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, спорт, аялал жуулчлалын салбарт хамтарч ажиллах тухай зөвлөлдөв.
ВИДЕО: