Гандантэгчэнлин хийдийн зурхайч лам Д.Цогтбаатартай ирж буй
“Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн өнгө төрх, засал номын талаар ярилцлаа.
-Юуны өмнө манай сонины урилгыг хүлээн авч ярилцлага өгөхөөр болсонд баярлалаа. Улиран одож буй “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийг багцлаад дүгнэвэл хэр байсан талаар ярилцлагаа эхэлье?
-Улиран одож буй нохой жил сайхан жил боллоо. Өнгөрч буй жилд их хүмүүн, ард иргэд цөм амар амгалан тайван байлаа. Үүнийгээ ч дагаад ажил үйлс бүхэн бүтэмжтэй, үр ач дэлгэрэх, буян хурж эд агуурс дэлгэрсэн боломжийн сайн жил байлаа гэж дүгнэж байна.
-Тэгвэл ирж буй гахай жилийн өнгө зурхайн зурлагад хэрхэн бууж байна вэ?
-2019 он монгол тооллоор Арвандолоодугаар жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жил болж байна. “Урвуулагч” гэдэг нэр маань ёгт, оноосон нэр л дээ. Энэ жилийн хувьд шороон үхрийн зурлагыг шинжилбэл: Үхэр нь: Шороон үхрийн толгой нь шар, бие, эвэр, чих, сүүл нь хөх, дөрвөн шийр, омруу, туурай, өвчүү нь цагаан, ходоод нь ногоон, ногт нь цагаан, цулбуур нь шар, амаа хамхиад, сүүлээ баруун тийш нь шарвасан байна. Үхэр хариулаач нь: Царай нь цагаан, малгайгаа баруун гартаа барьсан, дээл нь улаан, бүс нь хөх, гэзэг үсээ чихнийхээ урдуур унжуулж боосон, зүүн хөлдөө цагаан гутал өмссөн, баруун гутлаа зүүн талынхаа бүсэнд хавчуулсан, олсоор томсон бургасан хөх шилбүүр барьсан, хүч чадал бага өвгөн хүмүүн, үхрийнхээ зүүн талд тайвнаар алхаж явна." гэж дүрслэгдэв. Дээрх зураглалаас жилийн байцыг ажвал: Өвгөд хөгшдөд (өндөр дээд суудалтан) сайн, залууст (дунд суудалтан) дунд, нялхаст (түмэн олон) муу ажээ. Их хүмүүн амгалан сайн, ард иргэдийн амьдрал улам доройтох. Төрийн хууль цаазын хэрэгжилт чангарах, хулгай дээрэм элбэгших. Уушиг, бүдүүн гэдэс, амьсгалын замын өвчин, зарим газарт хавдар, боом, хүйтэн, лусын, бадган чанарын өвчин гарах. Хүнд сайн, малд муу.
-Гахай жилд байгаль цаг агаар хэр байх талаар?
-Жилийн эхээр салхи, цасан шамаргатай. Гуу, суваг, тал, нам доор газар, жилийн сүүлчийн улиралд хяруу, цас элбэг. Зун, намар, дунд саруудад хур бороо, мөндөр, цас элбэг буух. Газрын шим арвижин үр тариа, төмс, нарийн ногоо, цэцэг навч, үр жимс боловсрон ургац арвин.
-Ирж буй гахай жилд тусгайлан засалтай ямар жил байх вэ?
-Жил орогсод буюу “13, 73-ны жил” нь “хүү” махбодтой жил бөгөөд эрүүл мэнд хямрах гэмтэй тул Найман гэгээн, Лхамын ганшиг хуруулж, балин өргөнө. “25, 85-ны жил” нь “нөхөр” махбодтой жил бөгөөд жаргал зовлон ээлжлэн, ад зэтгэр босох тул Догсом, Доржнамжом, Цэнд, Доржнамжомын жавтий тавиулаарай. “37, 97-ны жил” нь “дайсан” махбодатай жил бөгөөд эдийн гарлага тул Юмжайвриндүйсүм, Цэвэгмэдийн чог хуруулж, Лусад балин өргөх бол “49-ний жил” нь “эх” махбодтой жил бөгөөд сүлд хийморь доройтох тул Нити, Жинсрэг айлдуулах хэрэгтэй. “61-ний жил” нь “өөрийн төрсөн жилтэй адил” махбодатай жил бөгөөд ад зэтгэр, шулмын хөнөөл гарах тул Бум цац “талби”, “Цэдэв-Насан бүтээл” үйлдвээс сайн. Мөн могой жилтнүүд “дүнсэр” буюу “их харш” жилтэй учирна. Хулгай, дайсан, зохисгүй юм болж магад. Догсом, Базарсад, Жанцанзэмүвүнжан, замд явбал Далх тахь. Бич, баржилтнүүд “шишид” буюу “бага харш” буух тул Жадамба, Ногоон дарь эх уншуул, Амин золиг гаргуул. Туулай, хонь жилтнүүд “ивээл жилийн” буюу “түнсүм” засалтай. Гарз гарах тул их үйл эхлэн үйлдэхийг тэвч. Хийморийн сан, Цагаан шүхэрт, Ганшиг уншуулах бол нохой жилтнүүд “цагаан жил” буюу “логар” ургах тул сэтгэл энэлэх, шарх гарах гарах гэм буй. Маналын чого, Сахиусаа тахь. Хулгана, бар, луу, морь, бич, нохой жилтнүүд суудлын өнцгийн засал хийлгэ. Мэнгэ нь голлосон жилүү буюу 1920, 1929, 1938, 1947, 1956, 1965, 1974, 1983, 1992, 2001, 2010, 2019 онд төрөгсөд Жанаггагдог, Цэвэгмэдийн чого, Цэнд насны тоогоор уншуулж заслаа хийлгээрэй.
-Манайхан “Жил ороод бие тааруу байна”, “Жил угтаад ажил үйлс бүтэмжгүй байна” гэх зэргээр ярьдаг. Тэгвэл зурхайн ухаанд жил орох талаар хэрхэн тайлбарласан байдаг вэ?
-Махбодын онолоор тухайн жил орж байна гэдэг нь биед нөлөөлөх нөлөө ихтэй байна гэсэн үг. Тухайн жилтэй хүмүүст гараг, од эрхэсийн хоорондын таталцлын хүчнээс хамаарч нөлөөлөх нөлөө ихтэй гэж ойлгож болно. Жил орох нь дотроо угтаж орох, жил дээрээ орох, дагаж орно гэсэн үндсэн гурван ойлголт байна. Угтаж орно гэхээр энэ жил гахай жил байлаа гэхэд тэр хүний хувьд нохой жилд жил нь орж байна гэсэн үг. Бар, могой, бич, гахай жилтэй хүмүүсийн жил угтаж ордог. Үндсэндээ урьд жил нь жил орж байна гэсэн үг байна шүү дээ. Тэгэхээр өмнөх жилдээ илүү анхаарч, засал номоо хийлгэж авах ёстой. Хулгана, туулай, морь, тахиа жилтэй хүмүүсийн жил нь өөрийнхөө жил дээр ордог. Өөрөөр хэлбэл, энэ хүмүүст тухайн жил нь хатуу байх нь. Үхэр, луу, хонь, нохой жилтэй хүмүүсийн жил дагаж ордог. Тиймээс дараагийн жилдээ илүү анхаарч засал номоо хийлгэх нь зохистой. Тийм учраас зарим хүн “Жил ороод хэцүү байлаа” гэсэн бол зарим нь “Жил орсон чинь гайгүй харин өнгөрсөн жил надад ширүүн байлаа” гэдэг нь тийм учиртай. Жил орсон хүмүүс оршуулга, хурим найрыг цээрлэж, зайлшгүй үед цээр гаргах хэрэгтэй. Эр хүний жил угтаж ордог тул урдаас засч сэрэмжлэх хэрэгтэй. Харин эм хүнийх үдэж дагадаг тул орсны дараа ч засал хийлгэх ёстой.
-Шинийн 15-нд багтаж заслаа хийлгэх тухайд энгийн өдрүүдэд засал хийлгэхээс онцгой зүйл нь юу юм бол оо?
-Хаврын тэргүүн сарын шинийн 1-нээс 15-ны хооронд Бурхан багшийн дүйцэн өдрүүд тохиодог. Аливаа хийсэн буян арвиждаг. Монголчууд аливаа зан үйлийг шинийн 15-ны дотор хийдэг. Энэ нь шинийн 1-нээс 15-ныг хүртэл шинийн өдөр гэж тоолоод, 16-наас билгийн өдөр гэж тоолдог. Энэ хугацаанд хүмүүс айл гэрийн буян заяагаа тэгшитгэж, өрхийнхөө жилийн ноён нуруугаа даатгаж Гандантэгчин хийдэд буй, монголчуудын зуун зуун жил шүтэж, дээдэлж ирсэн ариун нандин бурхан шүтээн, сахиусуудад даатгаж байгаа болно. Алтан Ганжуур, Сундуй, Цэвэгмэдийн чого, Их Манал, монголчуудын үеэс үед шүтэж ирсэн буян хишиг тогтоох Алтангэрэл судар, Доржзодов, Жадамба судрыг уншуулаад тухайн өдрөө хурал даган баясвал өлзийтэй. Шинийн 15-наас хойш ч засал ном хийлгэж чадаагүй бол хийлгэж болно.
-Ам бүлийн тухайд гэвэл манайхан өрхийн тэргүүн засал хийлгэчихвэл болно гэж ярьцгаадаг. Энэ хэр боломжтой юм бол?
-Энэ бол хоёр талтай. Манай улс нүүдлийн аж ахуйтай нийгмийн байдлаас болоод өрхийн тэргүүний нийгмийн харилцаанд ихэвчлэн оролцдог байлаа. Тэр үед өрхийн тэргүүн заслаа хийлгээд явж болдог байсан. Гэтэл одоо зөвхөн гэр бүлийн нөхөр, эхнэр, үр хүүхдүүд нь нийгмийн харилцаанд идэвхтэй оролцож байна. Өөрөөр хэлбэл, хүүхэд хоёр настайгаасаа цэцэрлэгт явж байна. Үүнийгээ дагаад нийгмийн харилцаанд ороод эхэлж байгаа юм. Хүүхэд өөрөө маш эмзэг. Янз бүрийн хүмүүстэй таарна, хүүхдүүдтэй уулзана. Энэ бүхнээс болж янз бүрийн асуудал үүсч мэднэ. Тийм учраас болж өгвөл өрхийн тэргүүнээс гадна гэр бүлийн бүх гишүүн тэр дундаа хүүхдийнхээ заслыг заавал хийлгэх ёстой.
-Шинийн 1-нд бид мөрөө гаргадаг. Гэтэл хот суурин газарт байгаа хүмүүст барилга байшин халхлаад ч юм уу зүг, мөр алдагдах асуудал бас бий. Ийм тохиолдолд яах ёстой байдаг вэ?
-Шинийн 1-ний өглөө бид зүг мөрөө гаргадаг. Харин тэр өдрөө сэтгэлдээ сайн бясалгах ёстой юм. Өөрөөр хэлбэл, эхний ээлжинд дотоод сэтгэлдээ маш итгэх ёстой. Урьд өдөр нь “Би мөрөө гаргахад тийм зүг таарч байна. Тийшээ явбал саад байгаа. Тэгэхээр яах ёстой вэ. Би зүгээ яаж гаргах вэ. Хэрвээ манай байшинг тойрч болохгүй бол яах вэ” гээд бөөн асуудалтай. Гэрийн ойролцоо байдаг хүүхдийн талбай юм уу, эсвэл сул чөлөөтэй талбай байгаа бол тэр газарт очоод гаргаж болно. Тухайн газрынхаа төв голд нь очоод, урд зүг рүү харж зогсож байгаад тухайн жилийнхээ цог хийморийн зүг рүүгээ гараад тарниа уншиж, зан үйлээ хийгээд зүг мөрөө гаргах хэрэгтэй. Хар нохойн ам гэдгээс болоод зарим жилд цог хийморийн зүг рүүгээ гарч болдоггүй. Тэр тохиолдол тухайн жилд сууж байгаа суудлынхаа эм, амины зүг рүү гардаг ёстой. Ингээд явж байхдаа хаях ёстой муу юмаа хаяад, цээрээ хийгээд, ирэхдээ ажил үйлс бүтэмжтэй, сайн сайхан байна аа гэж бодоод ирэх жишээтэй. Иймэрхүү журмаар зохицуулах боломжтой.
-2007 онд, алтан гахай жил гээд манайхан үр хүүхэд төрүүлж, элбэг дэлбэг байсан. 2019 оны шороон гахай жилд ард түмний амьдрал тааруу гэж байна. Энэ тухайтад Монголынхоо ард түмний сайн сайханд юу хийвэл зохилтой вэ?
-Улс орны тухайд төрийн эрх барьж байгаа хүмүүсийн хувьд тогтвортой байна. Төрийн хууль цааз чангарч хуулийн хэрэгжилт сайжирна. Ингэснээрээ хүмүүсийн амьдрал ахуй дэвшиж дээшилнэ. Хууль цаазын хэрэгжилт ард түмний амьдралд сайнаар нөлөөлж, шударга ёсны хэрэгжилт сайжирна гэсэн үг. Сайхан жил гарч байна.
-Ярилцсанд баярлалаа. Уншигчдынхаа өмнөөс танд сайн сайхныг хүсье.
Эх сурвалж http://www.info.mn