Монголын уламжлалт Сар шинийн баярыг угтаж Ховд аймаг дахь Цагдаагийн газраас “Архигүй-цагаан сар” тэмдэглэх уриалга гаргаж, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, үйлдэгдсэн гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, шуурхай шалгаж шийдвэрлэх зорилгоор “Цагаан сар-2019” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна.
Энэ хүрээнд өнгөрсөн 7 хоногт архи согтууруулах ундаагаар худалдаа, үйлчилгээ үзүүлдэг 8 аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг газар дээр нь шалгаж, хяналтыг сайжруулсан бөгөөд санамж, сэрэмжлүүлэг байршуулсан байна. Мөн гэмт халдлагад өртөж болзошгүй байгууллага, аж ахуй нэгж, гудамж талбай, зах, худалдааны төв зэргийг тогтоож, өдөр, орой, шөнийн эргүүлээр 16 чиглэлд 6 гар станц, 4 албаны авто машинтай, давхардсан тоогоор 151 алба хаагч 762 цагийн үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.
Гудамж талбай, олон нийтийн газарт болон замын хөдөлгөөнд оролцохдоо зөрчил гаргасан 829 иргэнд 28 гаруй сая төгрөгийн торгууль оногдуулж, ар гэр, асран хамгаалах хүнд нь 61 иргэнийг, эрүүлжүүлэх, саатуулах, баривчлах байранд 24 иргэнийг хүлээлгэн өгчээ. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдээс төлбөртэй мэдээлэл авах журмын талаар 21 удаагийн сургалт зохион байгуулж, 1852 иргэнийг хамруулан 1000 орчим гарын авлага, зурагт хуудас, санамж, сэрэмжлүүлэг тараасан байна.
Аймгийн Цагдаагийн газрын судалгаагаар Ховд аймагт 2015 оноос хойш согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг жил бүр тодорхой хувиар буурсан боловч, 2018 онд бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 26.9 хувийг эзэлж байгаа нь өмнөх оноос 4.1 хувиар, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ зөрчил үйлдэн эрүүлжүүлэгдсэн хүний тоо 3.1 хувиар тус тус өсчээ. Мөн нийт эрүүлжүүлсэн хүний 84.0 хувь нь гудамж талбай, гэр, орон сууцнаас хүргэгдэж ирсэн ба 88.0 хувь нь дунд болон хүнд зэргийн согтолттой, 60 гаруй эмэгтэй, 18 хүртэлх насны 10 орчим хүүхэд байна. Энэ нь баруун бүсийн бусад аймгуудтай харьцуулахад нийт эрүүлжүүлэгдсэн хүний тоо 3 дахин, үүнээс эмэгтэйчүүдийн тоо 4 дахин, 18 хүртэлх насны хүүхдийн тоо 9 дахин их байна. Тиймээс айлчлан ирж буй сар шинийн баярын өдрүүдэд архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг уриалав.