Хүчтэй салхины улмаас унасан цахилгаан дамжуулах агаарын шугамын 110 кВ-ын 9, 220 кВ-ын 4, нийт 13 төмөр тулгуур баганыг босгох, сэргээн засварлах ажлыг
“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ХК, түүний салбар нэгжийн 173 хүн, 26 техник хэрэгсэлтэй гүйцэтгэн ажиллаж байгаа бөгөөд ОХУ-ын чиглэлд унасан тулгуур шонг цэвэрлэх ажлыг дуусган шинэ тулгуур шонг угсрах ажлыг 3 зэрэг хийж байна.
Хэрэглэгчдийг шуурхай цахилгаанаар хангахаар ББЭХС, ЦТС, Баян-Өлгий, Ховд, Улаанбаатар хотын мэргэжилтнүүд 24 цаг тасралтгүй ажиллаж байгаа бөгөөд эх сурвалжийн мэдээлсэнээр хамгийн цаад хугацаа 11-р сарын 29-30 гэхэд сэргээн засварлах ажлыг бүрэн дуусгаж, хэвийн үйл ажиллагаанд шилжүүлнэ хэмээн мэдээллээ.
Баруун бүс нутаг цахилгаан эрчим хүч тасалдсан өдрөөс онц байдал зарласантай холбогдуулан Дөргөний УЦС-ын 30 гаруй ажилтан станцын хэвийн үйл ажиллагааг ханган, ажиллагааны явцад тоног төхөөрөмжийг бэлэн байлгаж, найдвартай ажиллагааг ханган ажиллаж байна. 2018 оны 11-р сарын 25-27 ны өдрүүдэд Дөргөний УЦС нь баруун 3 аймгийн Онцгой хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хангаж эхэлсэн бөгөөд тус станц нь 11-р сарын 25 ны өдөр Ховд аймгийн Дулааны станц, төвийн хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр ханган ажиллажээ. Мөн өдрийн орой 16 цагаас Баян-өлгий аймгийн төвийг нэмж цахилгаанаар хангаж, 11-р сарын 27 ны шөнө 03:41 цагаас Улаангомыг Дөргөний УЦС-тай холбосноор 3 аймгийн Дулааны станцууд Цэвэр усан хангамж гэх мэт 1-р категорын хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр бүрэн хангаад байна.
Энэ хугацаанд одоогоор 300000 кВтц цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэн хэрэглэгчдэд нийлүүлээд байна гэж Дөргөний УЦС-аас мэдээллээ.