Ховд аймаг дахь "Агаарын хөлөг шувуу, мал, амьтантай мөргөлдөх аюулаас сэргийлэх зөвлөл" хуралдав



Агаарын хөлөг шувуу, мал, амьтантай мөргөлдөх аюул дан ганц нисэх буудлаар хязгаарлагдахгүй, нисэх буудлын орчимд, ялангуяа агаарын хөлгийн хөөрөлт, буултын бүсэд тулгардаг байна. Тиймээс Зам тээврийн хөгжлийн сайдын 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 48 дугаар тушаалаар батлагдсан “Агаарын хөлөг шувуу, мал, амьтантай мөргөлдөх аюулаас сэргийлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Ховд аймаг дахь “Агаарын хөлөг шувуу, мал, амьтантай мөргөлдөх аюулаас сэргийлэх зөвлөл”-ийг 10 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулсан байна. Тус зөвлөлийн анхдугаар хуралдаан энэ оны 10 дугаар сарын 23-ны өдөр Нутгийн удирдлагын ордны хурлын өрөөнд боллоо. Хуралд аймгийн Засаг даргын орлогч Т.Жаргалсайхан болон зөвлөлийн гишүүд оролцов.



Хурлын хүрээнд Ховд аймаг дахь “Агаарын хөлөг шувуу, мал, амьтантай мөргөлдөх аюулаас сэргийлэх зөвлөл”-ийн 2019 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө болон “Агаарын хөлөг шувуу, мал, амьтантай мөргөлдөх аюулаас сэргийлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар хэлэлцэж, баталлаа. Энэхүү зөвлөл нь Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа “Ховд нисэх онгоцны буудал”-д хамгаалалтын бүс тогтоосны дагуу Буянт голын орчимд байгаа айл өрхүүдийн хог хаягдлыг эмх цэгцтэй болгож, хогийн саванд хийлгэх, Нисэх буудлын орчинд болон үерийн сувагшилд сэг зэм, хог хаягдлыг хаяулахгүй байх, тогтмол цэвэрлэх, Аэродромын орчмын бутлаг ургамлын ургалтад хяналт тавьж, хусаж цэвэрлэх, нүүдлийн шувуу ирэх үед Буянт голын ай сав газрыг шалгах, аэродромын бус орчимд жил бур мэрэгч устгалын ажил хийлгэх, шувуу үргээх тоног төхөөрөмжүүдийн бэлэн байдлыг хангаж ажиллах зэрэг ажлуудыг төлөвлөж, үе шаттайгаар зохион байгуулахаар болсон юм.


                                                                                                                                                                                                                                     Н.Лхагва

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ