“Говийн чоно-2018” олон улсын сургалт, дадлага сургуулийн нээлтийн ажиллагаа боллоо



Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-ын Номхон далайн командлалтай хамтран долоо дахь жилдээ зохион байгуулж буй “Говийн чоно-2018” олон улсын сургалт, дадлага сургуулийн нээлтийн ажиллагаа Ховд аймагт боллоо. 



Сургуулийн нээлтийн арга хэмжээнд Монгол улсын шадар сайд Ө.Энхтүвшин, АНУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдын хэргийг түр хамаарагч Мануэл П.Микаллер, АНУ-ын Номхон далайн командлалын бодлого зохицуулалт, төлөвлөлтийн даргын дайчилгаа хариуцсан орлогч, бригадын генерал Сюзань П.Варес-Лам, Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог нар оролцож үг хэлсэн юм.



Энэ удаагийн “Говийн чоно-2018” олон улсын сургалт, дадлага сургуульд  Монгол Улс, АНУ-ын оролцогчдоос гадна Балба, Шри Ланка улсын төлөөлөл, Австрали, Канад, Франц улсын элчин сайдын яамд, НҮБ-ын төрөлжсөн агентлагийн төлөөлөл болон гамшгийн эрсдэлийн бууруулах чиглэлээр Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн 300 гаруй төлөөлөгч оролцож байгаа юм. Мөн Тайланд, Ширланк, Балба улсууд сургуулийн ажиглагчаар оролцож байна.

ВИДЕО:




Шадар сайд Ө.Энхтүвшин хэлсэн үгэндээ, “Говийн чоно-2018” дасгал, сургуулилтыг энэ удаа газарзүйн байрлал, тогтоц,  тохиолддог гамшиг, аюулт үзэгдлийн онцлог нөхцлийг харгалзан Баруун бүсийн төв Ховд аймагт “Гамшгийн үеийн бүсийн төвийн удирдлага зохион байгуулалт, харилцан ажиллагаа” сэдэвтэйгээр зохион байгуулж байна. Уг арга хэмжээ нь болзошгүй газар хөдлөлтийн аюул, технологийн гаралтай ослын хор уршгийг арилгах, гамшгаас хамгаалах төлөвлөлтийг сайжруулах, улсын албад, мэргэжлийн ангийн хүч, хэрэгслийг бодит нөхцлийн цагийн байдалд уялдуулан ажиллуулах, улс орны гамшгийн бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэхэд чухал үр дүнтэй алхам болдог” хэмээн онцоллоо.



Мөн тэрбээр, энэхүү дадлага сургуулийг зохион байгуулахад хамтран ажилласан АНУ-ын Элчин сайдын яам, Номхон далайн цэргийн командлал, Аляскийн үндэсний гвардын цэргийн багийн ажлын хэсэгт талархал илэрхийлье. Сургалт, дадлага сургуульд оролцож байгаа та бүхэн мэдлэгээ нэмэгдүүлэх, сурч мэдэхийг хичээх, харилцан туршлага солилцох, хамтын ажиллагааг дээшлүүлэх, бэлэн байдлыг нэмэгдүүлэх, үр дүнтэй  байх талаар хичээж оролцохыг хүсье” гээд олон улсын сургалт, дадлага сургуульд оролцохоор ирсэн АНУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдын хэргийг түр хамаарагч, гадаад улс орны цэргийн төлөөлөл, Олон улсын байгууллагын оролцогчид, Баруун бүсийн удирдлагууд, Онцгой комиссын гишүүд, Гамшгаас хамгаалах албад, Мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүн, ард иргэдэд баярласнаа илэрхийлж, амжилт хүслээ.



“Говийн чоно 2018” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургууль нь үндсэн найман чиглэлээр зохион байгуулагдана. Дадлага, сургуулийн төлөвлөгөөний дагуу уснаас, уулнаас, нурангиас эрэн хайх аврах ажиллагааны дадлага сургуулиуд зохион байгуулагдаж Монгол, Америкийн 80 орчим аврагч харилцан туршлага солилцож  байна. Уг дадлага сургуулийн хүрээнд болзошгүй гамшиг осол, аюулт үзэгдлийн үед эмэгтэйчүүдийн үүрэг оролцоо хэрхэн байх чиглэлээр эмэгтэйчүүдийн манлайлал сургалт, эмнэлгийн анхны болон яаралтай тусламж үзүүлэх, тухайн улс, орон нутагт тохиолдож байсан олон нэрвэгдэгсэдтэй гамшгийн үед хэрхэн ажиллах талаар  эрүүл мэндийн байгууллагуудын туршлага солилцох сургалтууд зохион байгуулагдана. 







Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ