Эрдэнэбүрэн сумын Засаг даргын Тамгын газраас хөдөө орон нутгийнхаа хөгжлийн төлөө оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулж байгаа эмэгтэйчүүдийг хөгжүүлэх, тэдний дуу хоолойг сонсох, нийгэмд эзлэх байр суурь, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор энэ оны 5 дугаар сарын 08, 09-ний өдрүүдэд анх удаа
“Эмэгтэйчүүд-Эрүүл мэнд” чуулганыг зохион байгууллаа.
Эрдэнэбүрэн сумын
“Эмэгтэйчүүд-Эрүүл мэнд” чуулганд 5 багийн 300 гаруй эмэгтэй оролцсон бөгөөд нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг, Эрдэнэбүрэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Сэр-од, сумын Засаг дарга У.Цэрэнтогтох, сумын Засаг даргын Тамгын газрын дарга М.Баянжаргал нар оролцож мэндчилгээ дэвшүүлсэн юм.
Чуулганы хүрээнд “Хорвоод ханьсан амьдрахын утга учир”, “Хүүхдийн хүмүүжлийн эерэг арга”, “Эрүүл байхын увидас”, “Харилцаа, хандлага”, “Монгол эмэгтэйн гэрийн соёл”, “Малчин фермерийн аж ахуйн хөгжлийн шийдэл”, “Малын шимэгч өвчин, түүний хор хөнөөл, малын эмийн зүй зохистой хэрэглээ”, “Малаас хүнд халдварладаг өвчнүүд, нялх төлийн арчилгаа, маллагаа”, “Хөдөлмөрийн бүтээмж, түүний үр ашиг” сэдвийн хүрээнд холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл хийж, оролцогч эмэгтэйчүүдтэй харилцан санал солилцлоо. Мөн урлаг, спортын тэмцээн зохион байгуулагдсан төдийгүй 4 дүгээр сарын 25, 26-ны өдрүүдэд “Нарийн мэргэжлийн эмч нарийн үзлэг” зохион байгуулжээ. Үүнд, сумын 1300 гаруй эмэгтэй хамрагдсан байна.
“Эмэгтэйчүүд-Эрүүл мэнд” чуулганы үеэр Эрдэнэбүрэн сумын ахмад настан Ж.Өнөр
“Ховдын төлөө” медаль, ахмад настан С.Сайнсүүл Ховд аймгийн
“Хүндэт тэмдэг”-ээр шагнагдав.
Н.Лхагва