Ховд аймгийн Улаан загалмай хороотой хамтран ажиллах тухай аймгийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А| 727 дугаар захирамжийн дагуу
“Төр-Улаан загалмайн хамтын ажиллагаа”-ны орон нутаг дахь салбар зөвлөл байгуулагдсан. Тэгвэл өнөөдөр
"Төр-Улаан загалмайн хамтын ажиллагаа"-ны орон нутаг дахь салбар зөвлөлийн 2018 оны анхдугаар хуралдаан боллоо. Хуралдаанд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Ганболд, аймгийн Улаан загалмай хорооны дарга Б.Одонпүрэв болон Төр-Улаан загалмайн хамтын ажиллагааны орон нутаг дахь салбар зөвлөлийн гишүүн 10 орчим хүн оролцов.
Хуралдааны хүрээнд аймгийн Засаг даргын Тамгын Газрын дарга Б.Ганболд “Төр-Улаан загалмайн хамтын ажиллагаа”-ны орон нутаг дахь салбар зөвлөлийн бүрэлдэхүүн, хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг танилцууллаа. Мөн аймгийн Улаан загалмай хорооны үйл ажиллагаа болон санхүүгийн 2018 оны нэгдүгээр улирлын тайлан, Олон улсын Улаан загалмайн өдөр, Монголын хүмүүнлэгийн өдөрт зориулсан “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай, Монголын Улаан загалмай нийгэмлэгээс улсын хэмжээнд зохион байгуулж байгаа хандивын хайрцагт аяны талаар тус тус хэлэлцсэн юм. Энэ үеэр аймгийн ЗДТГ-ын дарга Б.Ганболд хэлэхдээ: “Хүмүүнлэгийн үйл ажиллагааны чиглэлээр ажиллахад зарцуулагдах санхүүжилтийг орон нутагт нэмэгдүүлэх, аймгийн Улаан загалмай хорооны үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг сайжруулахад анхаарч ажиллах шаардлагатай байна” гэв.
Н.Лхагва