Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ховд аймгийн иргэдтэй уулзалт хийв



Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ оны 05-р сарын 05-07 ны хооронд Ховд, Баян-Өлгий, Увс аймагт ажиллахаар төлөвлөсний дагуу 05-р сарын 05-ны өдөр баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллав. 



Ерөнхийлөгч Х.Баттулгыг Ховд аймагт хүрэлцэх ирэхэд нь Ховд аймгийн Цэргийн хүрээний хүндэт харуул аймгийн төв талбайд жагсан хүндэтгэл үзүүлж угтан авлаа. Мөн аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг дарга Д.Галсандондог, аймгийн Засаг даргын орлогч, Ш.Батсүх, Ч.Уранчимэг, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Ганболд нарын аймаг орон нутгийн удирдлагууд, албан байгууллагуудын дарга нар хүндэтгэн угтан авав. 



Дараагаар нь аймгийн Хөгжимт драмын театрт аймгийн иргэд, хөдөлмөрчидтэй уулзалт хийж, санал бодлыг нь сонсон, хариулт өглөө. Уулзалтад Ховд аймгийн иргэдээс гадна Ховд аймагт ажлаар явж байгаа Увс, Говь-Алтай, Дорноговь зэрэг хэд хэдэн аймгийн иргэд Монгол Улсын төрийн тэргүүнтэй уулзаж өөрсдийн санал бодлоо илэрхийлэхээр зорьж очсон байлаа.


Уулзалтын хүндэт индэрт Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дагалдан яваа ажлын хэсэг болон аймаг орон нутгийн удирдлагуудтай биш харин Ховд аймгийн ахмад настан, иргэдийн төлөөлөлийг урин хамт суусан нь олны талархлыг хүлээлээ.



Уулзалтыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Баруун хязгаарын Ховд аймгийн хөдөлмөрчин иргэд та бүхэнд энэ оройн мэндийг хүргэе. Улаанбаатар хотын болоод аймгуудын иргэдтэй хийсэн уулзалтын талаар та бүхэн тухай бүрт нь мэдээлэл авч байгаа байх. Иргэдийн дэвшүүлсэн зарим асуудал эхнээсээ шийдэгдэж байгаа. Өнөөдрийн уулзалт бусад аймгуудын уулзалт шиг үр дүнтэй болох байх гэж бодож байна” гээд уулзалтыг эхлүүлэв.



Тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш анх удаагаа Ховд аймагт ажиллаж байгаа бөгөөд бүх аймагт ажилласны дараа тодорхой ажлыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөнөө дуулгалаа. Тийм ч учраас уулзалтын үеэр өөрөө ярих биш ард түмнийхээ дуу хоолой, санал бодлыг сонсохыг гол зорилгоо болгосон ба уулзалтын үеэр 30 гаруй хүн үг хэлж санал гаргав. 



Ховд аймгийн иргэд орон нутагт ажлын байр хомс байгаа, залуучуудынхаа хөдөлмөр эрхлэлтийг төрөөс бодлогоор дэмжих, цалин тэтгэвэрийг зөрүүг арилгах, хүүхдийн мөнгийг алагчлалгүй олгох, улс төрийн намууд талцах биш улс орныхоо хөгжлийн төлөө үзэл бодлоо уралдуулан ажиллах зэрэг нийтлэг асуудлыг хөндөж байв. Түүнчлэн жилийн өмнө Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихдээ амлаж байсан амлалтуудаа хэрэгжүүлж ажиллахыг санууллаа. 



Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга иргэдийг санал, бодлыг сонсны дараа иргэдийн асуултад хариулж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас хэрэгжүүлж байгаа ажил, хуулийн төсөл, зарим хэрэгжүүлэхээр бэлтгэсэн хөтөлбөрүүдээ танилцууллаа. Мөн иргэдийн саналыг бичгээр авч цаашдын ажилдаа тусгаж ажиллана гэдгээ илэрхийлэв.



Үг хэлж, санал шүүмжлэл гаргасан иргэдийн нэг хэсэг нь хувийн шинжтэй, аймаг орон нутгийн удирдлагууд руу хандсан асуудал хөндөж санал шүүмжлэл гаргав. Тухайлбал:2016 оны сонгуулийн дараа улс төрийн зорилгоор хийгдсэн зарим халаа сэлгээ нь хууль зөрчсөн, шат шатны Шүүхийн шийдвэр нь гарчихаад байхад ажилд нь буцааж томилохгүй байгаа, Төр, бизнес эрхлэгчдийн мөнгөөр баригдсан "ЭВИЙН ХҮЧ" худалдааны төв одоо болтол ажиллахгүй байгаа, 1980-аад онд баригдсан "НИЙТИЙН ТӨВ ХАЛУУН УС"-ны барилга, байшин хуучирч муудсан, хөгц мөөгөнцөртөө баригдсан халуун усны газраар Ховд аймгийн ард иргэд арга буюу үйлчлүүлж байгаа зэрэг хэд хэдэн асуудлыг хөндөж, анхаарч ажиллахыг санал болгов.



Орон нутагтай холбоотой зарим асуудалд  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, аймгийн Засаг дарга Д.Галсандондог нар уулзалтын төгсгөлд хариулт өглөө.





ВИДЕО: /Эх сурвалж:Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар/



Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ өглөө аймгийн Жудо бөхийн бэлтгэлийн ордон болон Ганданпунцагчойлин хийдийн үйл ажиллагаатай танилцсанаар Ховд аймагт ажиллах томилолтоо өндөрлөж Баян-Өлгий аймгийг зорилоо. 









ФОТО АГШИН...





















Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ