Ховд аймгийн Засаг Даргын Тамгын Газар, Хөдөлмөр Халамжийн Үйлчилгээний Газар,"НИК" ХХК-ний Ховд аймгийн нефть хангамжийн салбар, Мэргэжлийн хяналтын газар, Ажил олгогч эздийн холбоо хамтран Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, холбогдох дүрэм журмын хэрэгжилтийг хангах, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн зөв хандлага, соёлыг төлөвшүүлэх зорилгоор “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй-2018” сэдэвт сарын хугацаатай аяныг 04 дүгээр сарын 05-ны өдөр эхлүүллээ. Уг аяныг Ховд аймаг 7 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд жил бүр аймгийн төв талбайд нээлтээ хийж байсан. Тэгвэл энэ удаа хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль, дүрэм журмыг хэрэгжүүлэн ажилладаг аж ахуйн нэгж, албан байгууллагуудын төлөөлөл "НИК" ХХК-ний Ховд аймгийн нефть хангамжийн салбарын урд талбайд зохион байгуулсанаараа онцлог байв.
Аяны нээлтийн үйл ажиллагаанд Ховд аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх, ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Гантөмөр, ХХҮГ-ын дарга Л.Билэгдэмбэрэл, Үйлдвэрчний эвлэлийн дарга Ц.Ариунжаргал, “НИК-ПЕТРОВИС” ХХК-ний Ховд салбарын захирал Н.Оюун-Эрдэнэ болон холбогдох байгууллагуудын удирдлага, ажилтнууд оролцлоо. Энэ үеэр аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, холбогдох дүрэм журмын хэрэгжилтийг хангах, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн зөв хандлага, соёлыг төлөвшүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа "НИК" ХХК-ний Ховд аймгийн нефть хангамжийн салбар болон "Мон Эн Ко" ХХК-д аймгийн Засаг даргын "Хүндэт Өргөмжлөл" гардуулан өгч, баяр хүргэв.
Мөн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль, дүрэм журмыг хэрэгжүүлэн ажилладаг 10 орчим аж ахуйн нэгж, албан байгууллагуудын мэргэжилтнүүд хөдөлмөр хамгаалалтын хувцсаа тайлбарлаж, хэрхэн зөв өмсөх талаар иргэдэд мэдээлэл хийв.
“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй-2018” сэдэвт сарын аян нь
“Ажлын байранд дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй”,
“Хүүхдийн хөдөлмөрийг устгах”, дэлхийн өдрийг тохиолдуулан хүүхдийн хөдөлмөрийг устгах, залуучуудын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг сайжруулах үүднээс үндэсний хэмжээнд зохион байгуулагдаж байгаа юм.
Тус аяны хүрээнд аж ахуйн нэгж, албан байгууллагуудын ажилтнуудыг эрүүл мэндийн үзлэгт хамруулах, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх хууль тогтоомжийг сурталчлах, зөвлөн туслах үйлчилгээг аж ахуй нэгжүүдэд үзүүлэх, Залуучуудын оролцоог нэмэгдүүлэх уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулах, Хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийг устгах, хүүхэд ажиллахыг хориглосон ажлын байрны жагсаалыг сурталчлах зорилготой сургалтуудыг зохион байгуулна. Ингэснээр хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн хүртээмж нэмэгдэж, ажилчдын мэдлэг мэдээлэл сайжирч, үйлдвэрлэлийн осол болон мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн тоо буурах, залуучуудад хөдөлмөр эрхлэх, эрүүл аюулгүй ажлын байрны соёл төлөвших ач холбогдолтой болохыг зохион байгуулагчид онцлов.
Мөн Ховд аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг сайжруулах” дэд хөтөлбөрийг тусган хэрэгжүүлж байна. Өнгөрсөн онд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийг сурталчлах, хөдөлмөрийн харилцаа, цалин хөлсний асуудал, хөдөлмөрийн бүтээмжийн чиглэлээр нийт 30 гаруй байгууллага, аж ахуйн нэгжийн 650 ажилтныг, үйлдвэрлэлийн осол болон мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр 20 гаруй байгууллагын 120 орчим ажилтныг сургалтанд тус тус хамруулж чадавхжуулжээ.
Н.Лхагва