Алтайн бүс нутгуудын худалдаа аж үйлдвэрийн танхимуудын “Жилийн хурал”-д 40 гаруй хүн оролцов.



Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн Ховд аймаг дахь салбар танхим хамтран Алтайн бүс нутгуудын худалдаа аж үйлдвэрийн танхимуудын “жилийн хурал”-ыг энэ оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Ховд аймагт зохион байгуулав. Тус хурал нь Монгол улс, БНХАУ, ОХУ-ын Алтайн бүс нутгийн аймгуудын хооронд хийгдэх худалдааг өргөжүүлэх, хөнгөвчлөх, хөгжүүлэх, бараа бүтээгдэхүүн, түүхий эдийг эдийн засгийн эргэлтэнд оруулахад төр захиргааны байгууллагууд болон худалдаа аж үйлдвэрийн танхимуудын үүрэг оролцоог нэмэгдүүлэхэд чиглэж байсан бөгөөд “Гурван улсын худалдааг хөнгөвчлөх хөгжүүлэх, эдийн засгийн харилцааг өргөжүүлэхэд төр захиргааны байгууллагууд болон худалдаа аж үйлдвэрийн танхимуудын үүрэг оролцоо” сэдвийн хүрээнд өрнөлөө. Хуралд БНХАУ-ын ШУӨЗО-ы Алтай аймаг болон Монгол орны баруун бүсийн Ховд, Завхан, Говь-Алтай, Увс, Баян-Өлгий аймгийн Худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга, менежер болон бизнес эрхлэгчдийн төлөөллөөс бүрдсэн 40 гаруй хүн оролцлоо.


Хурлын нээлтэнд Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог, аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх, Увс аймгийн ХАҮТ-ын дарга, Баруун бүсийн ХАҮТ-ын дарга С.Сэржим, ХАҮТ-ын Ховд дахь салбар танхимын дарга Ө.Түвдэндорж нар оролцож бүс нутгийн эдийн засаг, худалдаа үйлдвэрлэлийн салбарт тулгамдаж буй асуудал бэрхшээл, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар болон бусад холбогдох асуудлуудын талаар мэдээлэл хийж илтгэл тавилаа. 



Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог нээлтийн үеэр хэлсэн үгэндээ: “Ховд аймаг нь бизнес эрхлэх таатай орчин бүрдүүлэх замаар гадаад болон дотоод хөрөнгө оруулагчдыг татах, орон нутгийн жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжсэн бодлого хэрэгжүүлэн ”Бизнест ээлтэй аймаг” болох зорилт тавин ажиллаж байна. Манай аймгийн хэмжээнд нийт 2380 орчим аж ахуй нэгж, иргэд үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж байгаа бөгөөд 70 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, жилд дунджаар 8.9 гаруй тэрбум төгрөгийн борлуулалт хийж, дотоодын нийт бүтээгдэхүүний 40.1 хувийг эзлэх бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа” гэдгийг онцлон дурьдлаа. Түүнчлэн БНХАУ-ын Такешкан боомтын үйл ажиллагаа орон нутгийн бизнес эрхлэгчдэд нэлээдгүй хүндрэл учруулдаг. Татвар, ачааллыг бууруулах талаар олон удаа ярилцаж, нэгдмэл саналд хүрсэн боловч бодит байдал дээр ажил болж хэрэгжихгүй байгааг ч мөн дурьджээ. 










Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ