Тэрээр “Шинэ хөдөө” төслийг санаачлан хэрэгжүүлэхээр зорьж байгаа юм. Энэхүү төсөл нь иргэдийг орлоготой, ажлын байртай байлгах үүднээс дотоодын тэр дундаа хөдөө аж ахуйн гаралтай үйлдвэрүүдийг түлхүү дэмжих зорилготойгоор улс орны хэмжээнд бодлого болгон хэрэгжих юм. “Өрх баян бол улс баян” гэсэн уриатай уг төслийн хүрээнд 21 аймагт дор хаяж нэг нэг үйлдвэр бий болсон байхаар төлөвлөж байгаа гэнэ.
Тэгэхээр аймаг тус бүрийн онцлог, давуу тал дээр тулгуурлан олон хүнийг ажил, орлоготой байлгах үүднээс тухайн орон нутгуудтай танилцаж, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн санал хүсэлтийг сонсож, цаашид хийж хэрэгжүүлэх шаардлагатай ажлуудыг улс орны хэмжээнд бодлого болгон хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ гэдгээ тэрээр онцолж байлаа. Ийнхүү Ховд аймагт уг төслийн багийнхан аймгийн ЗДТГ-ын дарга Б.Ганболдтой уулзан орон нутгийн мэдээ мэдээллийг сонсож, санал хүсэлтээ илэрхийлэн аймгийн зарим үйлдвэр үйлчилгээний газруудаар явж танилцлаа.
Тухайлбал, “Баялаг буянт” ХХК-ны нарийн ногоо даршлах үйлдвэр, “Ховдод үйлдвэрлэв” бүтээгдэхүүн борлуулах төв, “Ховд скай” тарагны үйлдвэр, иргэн Б.Нямдоржын махны үйлдвэр, Төмс хүнсний ногоо тариалагч иргэдийн тариалалтын нөхцөл байдалтай танилцаж, ББТЗ дээрх хүнсний ногоо худалдаа эрхлэгчидтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо.
Ховд аймгийн хувьд төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалах нөөц боломж их учраас энэхүү давуу талыг нь түшиглэн жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх боломжтой гэдгийг иргэд болон орон нутгийн удирдлагууд, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн зүгээс онцолж энэ чиглэлээр эхний ээлжинд нэгдсэн бодлоготойгоор хөгжүүлэх шаардлагатай байгааг уламжиллаа. Энэ хүрээнд Ховд аймгаас “Шинэ хөдөө” төсөлд аймагт хэрэгжүүлэх шаардлагатай байгаа 10 төслийг хүргүүлж, цаашид дэмжүүлэн хэрэгжүүлэхээр болов.