Mонгол улсын боловсролын салбарын ахмад ажилтан, Монгол Улсын Гавьяат багш, Философийн ухааны доктор, профессор, Ховд их сургуулийн анхны хичээлийн эрхлэгч Хоохдойн Чагдаа агсанд Ховд их сургуулийн нийт эрдэмтэн багш, ажилтан, оюутнууд нэг минутын турш чимээгүй зогсолт хийж хүндэтгэл үзүүлэв. Мөн хичээлийн I байранд Х.Чагдаа агсны бүтээлийн үзэсгэлэн гаргаж байна.
Үр хүүхдийнхээ ивээлт эцэг, өргөн олон шавь нарынхаа эрдэмт багш болсон Х.Чагдаа нь 1938 оны 1-р сарын 5-нд Ховд аймгийн Алтай сумын Барлаг багийн нутагт төржээ.
Тэрээр 1947-1959 онд Ховд аймгийн төвийн 10 жилийн 1-р сургууль, 1959-1963 онд МУИС-ийн физикийн факультет, 1966 онд ЗХУ-ын Свердлоск хотод Техникийн механикийн онолын курс, 1976-1978 онд Д.Сүхбаатарын нэрэмжит Намын Дээд сургууль, 1988 онд Москвагийн Улсын Их сургуулийн гүн ухааны дээд курс тус тус төгссөн байна.
Тэрбээр 1963-1978 онд Дарханы Политехникумд багшаар ажиллан хөдөлмөрийн гараагаа эхэлж, 1978-1979 онд Эрдэнэт хотын Намын хорооны үзэл суртлын хэлтсийн эрхлэгчээр ажиллаж байгаад 1979 онд Ховд аймагт Улсын багшийн дээд сургууль байгуулагдахад анхны 13 багшийн нэг болон томилогдон ирж 1993 он хүртэл тус сургуулийг баруун бүсийн томоохон их сургууль болон өргөжтөл нь хичээлийн эрхлэгч, тэнхимийн эрхлэгч, багш зэрэг албан тушаалыг хашсан юм.
Х.Чагдаа нь өөрийн амьдралыг эрдэм шинжилгээ судалгааны ажилд зориулсан нэгэн агаад Монгол малчдын амьдрахуйн ухааны чиглэлээр судалгаа хийн хэдэн арван ном бүтээл хэвлүүлэн олны хүртээл болгож 1997 онд Гүн ухааны докторын зэрэг хамгаалан 2001 онд профессор цол хүртсэн байна. Х.Чагдаагийн хөдөлмөр зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж Ардын хувьсгалын 60, 70, 80 жилийн ойн медалиуд, Ардын боловсролын тэргүүний ажилтан цол тэмдэг, Алтангадас одон, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, Монгол Улсын Гавьяат багш цолоор шагнажээ.
Ховдын цэнхэр хязгаарт эрдэм соёлын үрийг тарьж, хотол Монголынхоо хөгжилд мэдлэг боловсролын уурхайг нээсэн эрхэм хүмүүн таны их үйлс эгнэгт бууршгүй үргэлжилж, цаглашгүй дэлгэрэх болно.
ХИС-ИЙН ЗАХИРГАА