-Манайд хүүхэд идэх амттан алга-
“Ээж ээ надад мөнгө өгөөч” гэж таны хүү эсвэл охин тань бишгүй дээ хэлдэг байх. Тэгээд та бид хариуд нь шалихгүй ээ халаасан дахь хэдэн халтар төгрөгөө сарвайх нь энгийн л үзэгдэл. Хэрэв мөнгө өгөхгүй бол уйлж унжаад сүйд болно. Тийм байдал үүсгэхгүйн тулд болон хүү охиндоо хайртайнхаа илрэл болгож эцэг эхчүүд маань задгай мөнгө л өгч харагддаг. Нэг ёсондоо аахар шаахар хямдхан амттан аваад идэх мөнгө л дөө. Та сайн боддоо. Таны хүүхдийн тэр задгай мөнгөөр авдаг зүйлс нь ихэвчлэн юу байдаг бол. Тэгээд тэр нь хүний биед үнэхээр хор нөлөөгүй эрүүл мэндийн шаардлага хангаж чаддаг болов уу. Харин тэрхүү задгай мөнгөөр хүүхэд багачууд маань чухам хаанаас юу авч иддэг нь тодорхой шүү дээ. Мэдээж л хамгийн ойр ТҮЦ, дэлгүүрт орлого оруулна. Иштай чихэр, гаа, тавь, зуун төгрөгийн чихэр, чавга, бохь, пичень, супер контик, янз бүрийн шоколад, урд хөршийн жимс жимсгэнүүд цаашлаад олон төрлийн будагч бодис орсон газтай, газгүй ундаа гээд тоочоод барахгүй. Ер нь л урд хөршийн хүнсний бүтээгдэхүүн балчир үрсийн маань өдөр тутмын хэрэглээ болчихоод байгаа юм.
Алдрайхан үрсдээ “алив миний хүү чихэр ав” гээд гар сарвайхдаа та үүнийг нэг эргэцүүлээрэй. Магадгүй тэр бүр хүний анхаарал татаж асуудал болгоод байх зүйл биш ч үнэндээ үрсийн тань ходоод руу чимээгүй хөнөөл таны гараар дамжин орж байна гээд боддоо. Тэгэхээр бид үнэхээр өөрсдөө үр хүүхдийнхээ ирээдүйгээс хумсалж байдаг юм гэжүү. Сүүлийн үед хүүхдүүдийн дунд элдэв төрлийн амьсгалын замын өвчин, шүдний өвчин, ходоод гэдэсний элдэв өвчлөл гээд хоол хүнс, өдөр тутмын хэрэглээнээс нь үүдсэн хор уршгууд их тохиолдох боллоо. Энэ бүх шалтгаануудынх нь нэгэнд мэдээж задгай мөнгөөр авах хямдхан амттануудын хор уршиг нэлээд дээгүүрт ордог байх юм.
Эрт дээр үеийн хүмүүсийн шүд бат бөх, эрүүл чийрэг биетэй байсан нь хоол хүнсний зүй зохистой хэрэглээнийх байсан. Мөн дээрээс нь элдэв төрлийн амттан шимттэн ч гэж байсангүй. Тэр үеийн хүүхдүүдийн амттан гэх зүйл нь ихэвчлэн ааруул цагаан идээ байсан учраас урт насладаг. Бие нь эрүүл байдаг байсныг уншигчид надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа бизээ.
Арга ч үгүй шүү дээ. Өнөөдөр балчир үрст маань түүнээс өөр хорхойгоо дарах хор шаргүй амттан байхгүй юм чинь. Манай улсанд үнэхээр үндэсний эрүүл ахуйн шаардлага хангасан амттаны орон зай их үгүйлэгдэж байгаа биз. Хамгийн ойрын хэрэглээ болох ааруул цагаан идээг сав баглаа боодолд хийгээд амт хачир оруулан элдэв хор шаргүй бүтээгдэхүүн болгож дэлгүүр, ТҮЦ-нд зарвал авч л таарна. Харин өнөөдөртөө тийм амттаны хэрэглээ хараахан алга. Бид хүүхдээ хаанаас юу авч идэхийг нь тэр бүр хориглоод байж болохгүй ч түүний хор хохиролын талаар мэдлэгтэй болгоход анхаарах хэрэгтэй. Үүнийг бүр үндэсний аюулгүй байдлын хэмжээнд бодлого болгон оруулах асуудлын нэг болов уу.
Тэгэхээр бидний үр хүүхэддээ сайн санаж өгдөг задгай мөнгөний замбараагүй хэрэглээ хүүхэд багачуудын минь дайсан болж таарч байх шиг. Магадгүй энэ нь таны бодлоор аахар шаахар асуудлуудын нэг байж мэдэх ч үнэндээ үндэстний эрүүл ахуйд маш чухлаар тавигдах асуудал гэдгийг дахин сануулъя. Бидний ирээдүй хойч эрүүл бол улс үндэстний минь баталгаа тэр. Харин тэр баталгааг хэн хэрхэн хангах вэ гэдэг нь асуудлыг шийдвэрлэх арга замуудын нэг. Үүний цаана Монгол улс өнөөх л импортын эх орон байгаагын нэг илрэл. Ядаж бид балчир үрсийнхээ хорхойг дарах эрүүл хүнсээ өөрсдөө хийж чадахгүй явсаар байх гэж үү.
Ж.САРУУЛ