Алслагдсан бүс нутгийн иргэдийг чанартай, экологийн цэвэр хүнсний бүтээгдэхүүнээр тогтмол хангах, орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх, эдийн засгийн өрсөлдөх чадварыг бий болгох зорилгоор "Ховд Агро" хөдөө аж ахуйн паркийн төсөл хэрэгжүүлэхээр төслийн зорилго, хүрэх үр дүнгээ танилцуулах ажлаа эхлүүлээд байна. Төслийн зүгээс эхний ээлжинд аймаг орон нутгийн удирдлагууд, Аймгийн ИХ-ын төлөөлөгчдөд төслийнхөө талаар танилцуулж мэдээлэл өглөө.
МУ-ын засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын тогтвортой хөгжлийг хангах зорилгоор Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн хөтөлбөр, үйлдвэржилтийн 21-100 хөтөлбөр, Үндэсний үйлдвэрлэл хөтөлбөр, мах сүүний анхдугаар аян, Атрын 3-р аяныг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн . Тэгвэл дээрх хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж орон нутгийн хөгжилд түлхэц өгч, ард иргэдийн амьжиргааг дэмжихэд дээрх төсөл үр дүнгээ өгнө төслийн зүгээс үзэж байна. Тийм ч учраас “Ховд Агро” Хөдөө аж ахуйн агро паркийн төслийн удирдагч Нямдаваа аймаг орон нутгийн удирдлагуудад төслийнхөө танилцуулгыг хийж санал бодлоо хуваалцлаа. Төслийн зүгээс өнгөрсөн 2015 онд Ховд аймгийн Ховд Манхан Эрдэнэбүрэн Буянт гэсэн 4 суманд судалгааны ажлаа явуулсаны үндсэн дээр дэд бүтэц, эрчим хүчний хангамж, Ховд буянт голыг түшиглэн усалгаатай газар тариаланг хөгжүүлэх боломж гэж үзсэн учраас Буянт сумын Цаган овооноос доошхи 1885 га талбайд паркаа байгуулахаар төлөвлөжээ байна. Энэхүү төсөлөө хэрэгжүүлсэнээр Ховд аймаг 400 га талбайд тэжээлийн ургамлын тариалалт, сүүний үхрийн жишиг ферм, махны үхэр бордох, өсвөр үхэр бойжуулах, сүүний, тэжээлийн, даршилсан ногоо, нухшан тэжээлийн үйлдвэртэй болоод зогсохгүй 200 орчим хүн байнгын ажлын байртай болох юм байна. Ийм боломжийг бүрдүүлэхийн тулд аймаг орон нутгийн удирдлагуудыг төслийн багийнхантай хамтран ажиллахыг хүслээ.
Энэ удаад төслийн удирдагч Д.Нямдаваа өөрийн биеэр аймаг орон нутгийн удирдлагууд, шийдвэр гаргах түвшний хүмүүст төслийнхөө талаар танилцууллаа. Танилцуулгаа үүгээр хязгаарлахгүй, нэгэнт орон нутгийн иргэдийн амьдрал, орон нутгийн хөгжилд чухал ач холбогдолтой төсөл учраас төслийн багийнхан орон нутгийн иргэд, бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүдэд ч энэ талаараа танилцуулж санал солилцох юм байна.