Олон улсын хорио цээрийн ангилалд багтах малын гоц халдварт бог малын "Мялзан төст" өвчинөөр Ховд аймгийн 11 сумын 34 багийн 59 голомтод 820 орчим өрхийн 65877 орчим мал өвчилж 11632 толгой мал үхсэн мэдээтэй байна. Нөхцөл байдал даамжирч байгаа учраас Улсын онцгой комиссын баг орон нутагт ажиллаж тодорхой үүрэг чиглэлүүдийг өгч ажиллажээ. Үүний дагуу Ховд аймгийн Засаг даргын өндөржүүлсэн бэлэн байдал тогтоосон захирамж, мөн шуурхай ажлын хэсэг байгуулсан захирамж, аймгийн хэмжээнд хорио цээрийн дэглэм тогтоосон захирамжуудыг гарган холбогдох байгууллага, хэлтэс агентлагууд ажилдаа ороод байна. Өндөржүүлсэн бэлэн байдлыг өнөөдрөөс эхлэн 9-р сарын 23 хүртэл нийтдээ 10 хоногийн хугацаанд мөрдөж ажиллана.
Өндөржүүсэн бэлэн байдал тогтоосон 10 хоногийн хугацаанд аймгийн төврүү мал, малын гаралтай бүтээгдэхүүн оруулахыг хориглосон учраас эрэлт хэрэгцээ илүү нэмэгдэнэ. Тиймээс сургууль цэцэрлэг, айл өрхүүдийн мах, сүүний хэрэгцээг тасалдуулахгүй байх үүднээс өвчин гараагүй эрүүл бүсээс, мах, сүүг нийлүүлэх ажлыг зохион байгулахаар болж байна. Бог малын мялзан, мялзан төст өвчин нь өвчилсөн малын нулимс, хамрын гоождос, ханиалгын цацдас, баас, тэжээл, ус, агаар, амьсгал болон бүхий л боломжит хэлбэрээр халдвар тархдаг. Бог малын мялзан төст өвчнөөр голдуу ямаа, хонь цаашлаад зээр гөрөөс, далд хэлбэрээр тэмээ үхэр гахай өвчлөх эрсдэлтэй. Энэхүү өвчнөөр өвчилсөн малын хамрын гоождос ихсэж, булингартай шар өнгөтэй болох, хамар тагларч амьсгал давхцах, өндөр хэмээр халуурах, нулимс их гарч нуухтах, уруул буйл хэл толгойн салстан бүрхүүл хөөж бамбайх зэрэг шинж тэмдэг илэрч өвчилдөг байна. Энэ өвчний шинж тэмдэг нь Ховд аймагт анх бүр 3-р сард илэрсэн бөгөөд оношийг нь тогтоож чадахгүй явсаар өнгөрсөн 8-р сард албан ёсоор мялзан төст өвчин болохыг нь тогтоосоныг албаны хүн хэлж байна. Өндөржүүлсэн бэлэн байдлыг малын өвчний тархалт, эдгэрэлт, вакцинжуулалтын ажилтай уялдуулан дэглэмийг бууруулах замаар цуцлахаар төлөвлөн ажиллаж байна.