Одоогийн байдлаар 20,200 тн хадлан бэлтгээд байна. Энэ жилийн хувьд Ховд аймгийн хэмжээнд хур бороо сайтай байсан учраас хадлангийн гол бүс нутаг болох Булган Буянт, Мянгад, Дөргөн сумдад ургацны гарц сайн байна. Хадлангийн гол бүс нутгийн нэг болох Буянт сум л гэхэд Ховд аймгийн хадлан тэжээлийн 60 орчим хувийг хангаад зогсохгүй зэргэлдээ аймгууд руу өвс нийлүүлдэг. Тэгвэл өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд аймгийн Засаг даргын Хөгжлийн бодлого хариуцсан орлогч Ш.Батсүх болон ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Б.Бат-Очир, ХХАА-н асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Пүрэвсүрэн нар Буянт, Дөргөн, Мянгад зэрэг хадлангийн бүс нутагт ажиллалаа.
Өмнөх жилүүдтэй харьцуулахад энэ жил Буянт суманд өвсний гарц сайн байгаа ч хур бороо элбэгтэй байсан учраас хадлангийн бүс нутгийн тодорхой хэсэг устай байгаагаас шалтгаалан энэ жилийн хувьд өмнөх жилүүдэд бэлтгэдэг байсан хэмжээндээ хүрч хадлан авч чадахгүйд хүрч болзошгүй байна. Ховд аймгийн Буянт сумын Нарийн гол, Цагаангол багийн нутагт сумын Засаг даргын захирамжаар наймдугаар сарын 15-наас эхлэн малчдаас гадна 20 орчим хадлангийн салаа, бригад сумын удирдлагуудтай хийсэн гэрээний дагуу хадлан тэжээлээ бэлтгэн ажиллаж байна. Хэдийгээр хадлангийн талбайн зарим хэсэг устай байгаа ч есдүгээр сарын сүүлч, өвсний сөл тасартал хадлан тэжээлээ бэлтгэнэ гэдгээ иргэд хэлж байлаа. Ховд аймгийн хэмжээнд энэ жил 2099 га-д тариалалт хйигдсэн бөгөөд үр тариа 181 га, төмс 711, 6 га, хүнсний ногоо 753, 2 га, тэжээлийн ургамал 453 га-д тус тус тариалжээ.
Тэгвэл энэ жилийн хувьд 60,4 мянган тонн байгалийн хадлан бэлтгэх төлөвлөгөөтэйгээс өнөөдрийн байдлаар 20,200 тонн хадлан бэлтгээд байгаа мэдээ байна. Энэ жил цас их унаж, хүйтэрч болзошгүй гэдгийг онцгой байдлын газраас анхааруулж байгаа. Өөрөөр хэлбэл бичин жилийн учирч болзошгүй цаг агаарын хүндрэл бэрхшээлийг хохирол багатай даван туулж малаа онд мэнд оруулахад хангалттай хэмжээний өвс нөөцлөх хэрэгтэй. Тиймээс аймаг орон нутгийн зүгээс өвлийн бэлтгэл ажил, хадлан хураалтыг эрчимжүүлэх талаар бүх сумдад чиглэл өгөн ажиллаж байгаа бөгөөд малчид ч мөн хангалттай хэмжээний өвс хадлан нөөцөлж мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэлдээ онцгой анхаарч байна.