
Ховд аймаг 8700 орчим малчин өрхтэй. Эдгээрээс 70 гаруй нь XVII жарны
"Элдэв Эрдэнэт" хэмээх модон Могой жилийн сар шинийн босгон дээр
“АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН”-аар шалгарсан.
Тэдний нэг нь Мөст сумын Хужирт багийн малчин И.Ганхүүгийн гэр бүл юм.

"Номтын бэлчир" гэр газар нутаглаж буй малчин И.Ганхүү, гэргий Б.Отгонцэцэг нарын шагналыг өнөөдөр /2025.02.25/ аймгийн Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга М.Амарсанаа гардуулж баяр хүргэлээ.
Мөн сум, багийн удирдлагууд баяр хүргэж хүндэтгэл үзүүлэв.
И.Ганхүү 1989 оноос хойш тасралтгүй мал маллаж байгаа.
1994 онд Б.Отгонцэцэгтэй гэр бүл болохдоо 200 толгой малтай айл болж байжээ. Түүнээс хойш хамтын хөдөлмөр, нутаг усны айл саахалт, ахан дүүсийн дэм тусаар мал сүргээ дөрвөн төрөлд нь өсгөж өдгөө 1000 орчим толгойд дөхүүлсэн. Ингэхдээ аль болох тооноос илүү чанарт анхаардаг.

Тухайлбал,
Бог малаа махны, ямаагаа ноолуурын чиглэлээр чанаржуулсан. Өндөр уулын бүс нутагт мал маллана гэдэг амаргүй ч амжилтаа ахиулахын төлөө хичээж ажиллана аа гэж аварга малчид хуучиллаа.
Аваргынх удахгүй малаа төллөнө. Төл хүлээн авах бэлтгэлээ бүрэн хангажээ.


