Сар шинийн босгон дээр Ховд аймгаас есөн малчин “УЛСЫН АВАРГА МАЛЧИН” цол хүртсэн. Тэдний нэг нь Зэрэг сумын Гүвээ багийн малчин Норовын Алтанхуягийн гэр бүл юм.
Н.Алтанхуягийн өвөө нь 1970 онд Зэрэг сумын анхны “УЛСЫН АВАРГА МАЛЧИН” болж байжээ. Малч удам, тэрхүү өв уламжлалаа тээсээр Зэрэг сумаас төрж буй 25 дахь “УЛСЫН АВАРГА МАЛЧИН” болж байна.
Н.Алтанхуяг, А.Отгонсүрэн нар 1992 онд гэр бүл болж түүнээс хойш 30 гаруй жил мал маллаж байна.
Эднийх малаа,дөрвөн төрөлд нь өсгөн үржүүлдэг. Аль болох отор нүүдэл хийж малаа махан тарга авхуулахад түлхүү анхаардаг гэж Улсын аварга малчин Н.Алтанхуяг хуучиллаа.
2024 оны жилийн эцсээр хоёр мянга гаруй толгой мал тоолуулжээ. Энэ хавар 600-аад төл хүлээн авахаар бэлтгэлээ базаажээ.
Улсын аварга малчны шагналыг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт гардуулж баяр хүргэлээ. Мөн аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Баасанхүү болон сум, багийн удирдлагууд хүндэтгэл үзүүлж баяр хүргэв.

